УИХ-ын 2024.04.25-ны өдрийн чуулганы үдээ хойших хуралдаан үргэлжилж байна. Яг одоо "Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа билээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн ажлын хэсгийн гишүүдээс шүүх байр, шүүх ажиллагааны талаар асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Шүүх ер нь жилдээ орон нутгийн төсөвт хүү, торгуулийн орлогоос хэдий хэмжээний орлого улсын төсөвт төвлөрүүлдэг вэ. Энэ нь юунд зарцуулагддаг, өөрсдөд нь хэдэн хувийн орлого ордог юм, 100 хувь орон нутгийн төсөвт орчихдог уу. Яагаад үүнийг тодруулж байна вэ гэхээр цаашид дунд хугацааны бодлогын баримт бичигт төвлөрүүлж байгаа орлогод өөрсдөдөө зарцуулдаг байх асуудлыг УИХ, ЗГ-тайгаа яривал яасан юм бэ. Ингэвэл та бүхний дутагдаад байгаа төсөв, санхүүгийн асуудал шийдэгдэх нэг гарц нь энэ гэж харж байна.
Мөн шүүхэд итгэх иргэдийн итгэл алдраад байгаа шалтгаан нь авлига, албан тушаалын хэрэг л байхгүй юу. Иргэд яагаад шүүхийн нэр хүндэд итгэхгүй байна гэхээр эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйл заалтад холбогдсон учруулсан хохирол, хийсэн хэрэгт нь оноосон ялыг өгч чадахгүй байгаад л иргэд дургүйцээд байгаа юм. Энэ талд шүүхийн процесс хаалттай байна. Улсад олон тэрбум төгрөгийн хохирол учруулчхаад хэдхэн төгрөгөөр торгуулаад ял завшаад явдаг. Уг нь учруулсан хор хохирлыг л заавал төлүүлдэг байх ёстой юм.
ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэг: Бид жилдээ 30 орчим тэрбум төгрөгийг улсын орлогот оруулдаг. Энэ тоо жилд 20-30 хувь өсөж байгаа. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа гэж байна. 2020 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд хорихоос бусад төрлийн ялын гүйцэтгэх хуудсыг хүнтэй нь авна гэсэн байдаг. Одоо бидэнд 560 орчим шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас шүүх дээр хайрцагт байна. Шийдвэр гүйцэтгэл хүнээ авч ир гэж шаарддаг.
Бид нээлттэй байхыг маш их хичээж байгаа. Шүүхийн шийдвэрийн мэдээгээ нээлттэй цахим хаягт байршуулж яваа. 500 мянга орчим шүүхийн шийдвэрийн мэдээ санд байршсан. 2021 онд батлагдсан хуулийн хүрээнд иргэдэд нээлттэй ил, тод байх үүднээс шүүхийн шийдвэрийн хураангуйг бичиж эхэлсэн. Одоо бид Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд байгаа нээлттэй ил, тод байх заалтын хэрэгжүүлэхэд зөрчилтэй зүйлс бий. Нууцын тухай, хувь хүний мэдээллийн тухай хуультай холбоотойгоор зарим хэргийг нээлттэй мэдээлэх боломжгүй байдаг. Шүүх хуралдааныг нээлттэй явуулъя гэхэд бидэнд техник, тоног төхөөрөмж байхгүй. Өнөөдөр бид шүүх хуралдааныхаа бичлэгийг хадгалахын тулд ердийн камераар бичлэг хийж байгаа.