Коронавирусний цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран Токио хотод олимпын наадам болно хэмээн Олон улсын олимпын хорооны дэд ерөнхийлөгч Жон Коутс мэдэгджээ.
Токиогийн олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах ёстой байсан ч коронавирусний цар тахал дэгдсэний улмаас тэмцээнийг нэг жилээр хойшлуулсан аж. Иймд тэмцээн 2021 оны долоодугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд болохоор болсон байна.
Олон улсын олимпын хорооны Токио хотод Олимпын наадмыг зохион байгуулах асуудал хариуцсан зохицуулалтын комиссын дарга Коутс мэдэгдэхдээ, Токиогийн олимпын наадам нь “COVID-19”-г ялан дийлж, хонгилын үзүүрт гэрэл асаасан наадам байх болно гэжээ.
Дэвсгэр мэдээлэл: Ирэх онд зохион байгуулагдах олимпын наадмыг хялбаршуулсан хэлбэрээр явуулахыг олимпын наадмыг зохион байгуулах хороо дэмжжээ. Наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэх, зардлыг багасгах, олимпын наадмыг илүү аюулгүй явуулахын тулд хялбаршуулсан хэлбэрээр явуулах гэсэн 3 үндсэн зарчмыг барих аж.
С.Хонгорзул