Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан нам ёс зүйн өндөрлөгөө барьж, яллагдагч болсон, ял шийтгүүлсэн намын 9 гишүүнээ нэр дэвшүүлэхгүй байх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 53 секунд

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд шинээр 126 гишүүнтэйгээр бүрдэх 2024-2028 оны парламентын гишүүдэд сэжигтэн, яллагдагч биш байх босгыг тавих цаг нь болжээ. Учир нь төрд төлөөлөл болж суугаа эрхмүүд нь "Шүүхээр эцэслэгдээгүй" гэх үгээр иргэдийн амыг тагладаг буруу жишиг тогтоод удаж байна. Тэр байтугай дахин нэр дэвших хүслээсээ буцахгүйгээр сонгуулийн ажилдаа ч ханцуй шамлан орсон харагдана. Харин энэ үед улстөрийн намууд бүлэг, фракцын хүсэл сонирхлоо түр хойш тавьж, сонгогчдын эрх ашгийг урьтал болгох шаардлагатай байна.

Үүний эхлэл нь яллагдагчаар татагдсан басхүү ял шийтгэгдсэн гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалтыг нам дотроо хийх явдал хэмээн харж болно. Энэ талаар Сонгуулийн тухай хуульд "гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" хэмээн нарийвчлан зааж өгсөн байдаг. Хэдийгээр тухайн хүний гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох хэдий ч иргэд, сонгогчдын өмнө ёс зүйн өндөрлөгөө барьж, нэр дэвшихээс татгалзах эрх нь ч тэдэнд нээлттэй.

Бид өмнө МАН-аас ёс зүйн өндөрлөгөө баривал Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар нарын 9 гишүүн нь нэр дэвших боломжгүй талаар нийтлэл бэлтгэн хүргэсэн. Тэгвэл энэ удаа Ардчилсан намаас нэр дэвших боломжгүй гишүүдийн мэдээллийг хүргэж байна.

-А.Адъяасүрэн-

2020 оны УИХ-ын сонгуулийн ажилтай нь зэрэгцэн түүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаж байгаа талаарх шуум явж эхэлсэн. Түүний хэрэг шалгагдаж явсаар өнгөрөгч онд түүнийг яллагдагчаар татан хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж буй. Ингэхдээ түүнийг 2020 оны гуравдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар хятадуудтай хамтран эзэмшдэг “Баянговь транс” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Тэнгри транс” ХХК, “Ульган сар” ХХК-иудынхаа нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж, батлуулсан. Улмаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх асуудалд түүнийг 2020 оны тавдугаар сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.

-"Ажнай" Д.Бат-Эрдэнэ-

Нүүрсний хэрэгт холбоотой хэмээн зарлагдсан 17 улстөрчийн нэг нь АН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн нэг болох "Ажнай" Д.Бат-Эрдэнэ. Сүүлдээ түүний бүрэн эрхийг УИХ-аар түдгэлзүүлсэн. Хуулийн байгууллагаас түүнийг "улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан хэрэгт" яллагдагчаар татан шалгаж буй юм.

-З.Энхболд-

Саяхан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хамтаар шүүхээс ял сонссон хүн бол ЕТГ-ын дарга асан З.Энхболд. Түүнийг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан. Эл хэрэгт нь шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан юм.

-Х.Баттулга-

Нүүрсний хулгайн хэрэгт АТГ-аас зарлагдсан 17 хүний нэрсийн хамгийн түрүүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга бичигдэж байв. Тэрбээр АТГ-т 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр очиж, мэдүүлэг өгсөн байдаг. Харин тэрбээр намын ажилдаа нэлээн идэвхтэй оролцох болсон.

-Р.Сэддорж-

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг яллагдагчаар татан шалгаж буй. Тэрбээр нүүрсний хэрэгт анх зарлагдсан улстөрчдийн нэг. Түүнд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглосон шийдвэрүүд ч гарч байв. Яллагдагч Р.Сэддоржийн хувьд “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорацын ерөнхийлөгч асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдол гаргасан ч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж байв.

-С.Эрдэнэ-

АН-ын дарга асан С.Эрдэнийг улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа хахуульд авсан 2 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэргийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэх хэргээр шалгаж буй. Тэрбээр эл хэргийг "Х.Баттулгын захиалгаар надад үүсгэсэн хэрэг" хэмээн мэдэгдэж байсан удаатай.

-Б.Хурц-

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц нь С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт шүүхээс 1-3 жилийн хорих ял авсан байдаг. Түүнтэй хамтатган Ж.Мөнхгал, С.Баяр, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж байв. Тэрбээр сүүлийн үед намынхаа ажилд оролцох болсон нь харагдах болсон.

-Да.Ганболд-

АН-ын гишүүн Д.Ганболд 2020 онд Оюутолгой, Дубайд зурагдсан гэрээтэй холбоотой хэргээр 4 жилийн хорих ял шүүхээс сонсож байсан. Ингэхдээ түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэж байв.

-Г.Байгалмаа-

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж Хөгжлийн Банкнаас зээл авсан хэрэгт тус холбооны гишүүн, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Г.Байгалмааг холбогдуулан шалгасан. Ингэхдээ анхан шатны шүүхээс түүнд холбогдох “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар” зурсан буюу хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэлгүйгээр, таамаглан байдлаар цагаатгаж шийдвэрлэсэн. Тэгвэл Давж заалдах шатны шүүхээр түүнд холбогдох хэргийг цагаатгасныг хүчингүй болгож, нийт гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, түүний хэргийг дахин шалгаж байгаа гэсэн үг.

ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийллийн 86 дуудлага бүртгэгджээ
ЦЕГ: Гэр бүлийн хүчирхийллийн 86 дуудлага бүртгэгджээ
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.