АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй Ж. Байден Африк гаралтай Америк иргэд болох Жейкоб Блейк, Бреонна Тейлор нар луу гал нээсэн цагдаа нарт хариуцлага тооцохыг уриалжээ. Ж.Байден Делавер муж улсын Уилмингтон хотод хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү хэлсэн байна. АНУ даяар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал өрнөхөд хүргэсэн тэдгээр хэрэгт ямар ял ногдуулах талаар тэрбээр тодорхой дурдаагүй юм.
Висконсин муж улсын Кеноша хотод өнгөрсөн наймдугаар сарын 23-нд 29 настай Ж.Блейк нуруундаа долоон удаа буудуулсны улмаас хүнд гэмтжээ. Одоогийн байдлаар уг хэрэгт холбоотой цагдаад ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд хуулийн байгууллагуудын шийдвэрийг хүлээж байна. Түүнчлэн Кентукки муж улсын Луисвилл хотод өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд 26 настай Бреонна Тейлор мансууруулах бодисын гэнэтийн шалгалтын үеэр цагдаа нарт буудуулж, гэртээ амиа алджээ. Уг хэрэгт холбоотой гурван цагдаагийн нэг нь ажлаасаа халагдсан бол нөгөө хоёр цагдаагийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул түр чөлөөлөгдөөд байгаа юм.
А.Мишээл