Өнгөрөгч оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/-ийн наймдугаар тогтоол хэрэгжиж, хоёрдугаар шатлал буюу аймаг, дүүргийн зарим нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд 13А маягт шаардах болсон. Гэвч энэ нь иргэдэд хүндрэл чирэгдэл учруулаад байсан тул ЭМДҮЗ-ийн шийдвэрийг хүчингүй болгож, цаашид аль ч шатлалын эмнэлэг 13А маягт шаардахгүй болсон байдаг.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Зууны мэдээ" сонинд өгсөн тодруулгадаа,
"Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд иргэд эмчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох эрхтэй. Тиймээс иргэд өөрөө эмнэлгээ сонгож үйлчлүүлэх эрхийг нээхээр 13А маягтыг олгохоо зогсоосон. Нөгөө талдаа сөрөг үр дагавар нь лавлагааны шатны эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байгаа. Хувийн эмнэлгүүд иргэдэд үйлчилж байгаа учраас улсын эмнэлгийн ачаалал хэт хүндэрсэн асуудал гараагүй байна.
Мөн зайлшгүй лавлагаа шатны эмнэлгээс тусламж үйлчилгээ авах ёстой иргэд 13А маягт авах ёстой байсан. Ихэнх иргэд улс, аймгийн нэгдсэн эмнэлэгт хандах тохиолдол их байгаа. Одоогоор энэ маягтыг сэргээх талаар яриагүй байна" гэжээ.