Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн Монгол Улсын 100 мянган иргэнд баяр хүргэе

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 18 секунд

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.04.12/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн баасан гарагийн 10 цагаас нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 44 гишүүн буюу 89.8 хувь нь дэмжлээ.

Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр,

"Энэ хуулийг ард иргэдийн саналыг үндэслэж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг болон УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжиж санаачилсныг дурдаад, Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Үндсэн хуулийн заалтын дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн саналыг хууль тогтоомжид тусгах D-parliament цахим системийг хэрэгжүүлсэн. 2019 онд баталсан Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд “D-parliament” буюу цахим парламент болох зорилтыг дэвшүүлсэн.

Үндсэн хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлж, 100.000 иргэдийн санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдаж байна гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр энэхүү санаачлагыг гаргасан иргэн Н.Номун-Эрдэнэ болон хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн Монгол Улсынхаа 100 мянган иргэнд баяр хүргэлээ.

“D-petition” буюу иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг системийг нэвтрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Үүнийг төрийн байгууллага, албан тушаалтан шийдэх үүрэгтэй гэж заасан. Энэ дагуу иргэдийн саналыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой шүүн хэлэлцээд Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжтой нийцүүлэн, ард түмнийхээ саналд нийцүүлэн батлах шинэ систем хэрэгжиж байна.

“D-Parliament” цахим систем Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу биеллээ олж буйд баяртай байна. Улсын Их Хурлын гишүүд та бүхний бүтээсэн бодит түүх бол “D-Parliament” цахим системийг нэвтрүүлж, зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийнхээ саналыг авч, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулсан явдал" гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тодотгосон юм.

С.Эрдэнэ: Тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайд болгох тухай ямар нэгэн яриа, шийдвэр гаргаж байгаагүй
С.Эрдэнэ: Тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайд болгох тухай ямар нэгэн яриа, шийдвэр гаргаж байгаагүй
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.