Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг улс төрийн нам, эвслүүд энэ сарын 6-ний өдөр гаргах ёстой. Гэтэл эрх баригч МАН-ынхан дотроо хөлөө жийлцэж нэр дэвшигчид болон сонгуульд оролцох стратеги тактик дээрээ нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй.
Тодруулбал тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар нарын зөрчлөөс үүдэж эрх баригч МАН-ынхан одоог хүртэл ойлголцож чадахгүй байна. Энэ хооронд АН Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зангидсан гар дор бусад намуудыг нэгтгэж В.Путин маягийн нэгдсэн хөдөлгөөн байгуулан орон нутгийн сонгуульд оролцохоор болов. Ийнхүү МАН ба бусад гэсэн тулаанд эрх баригчид дотроо хагарсан байдалтай орох гэж байна.
Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар нарын зөрчил нэлээд дээрээс эхтэй. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулж Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдах үед намын дарга М.Энхболд нь тогтвортой байдлыг хангах зорилгоор У.Хүрэлсүхийг шадар сайдаар томилуулж түүний фракцын хүмүүсийг нэлээд ажил албан тушаалд байршуулсан. Гэхдээ хотын намын хороо нь бараг 100% гэж болохуйц М.Энхболд болон түүний хүн гэгддэг Су.Батболдын талд байсан. М.Энхболд хэдийгээр У.Хүрэлсүхийн болон бусад фракцын эрх ашгийг тодорхой хэмжээнд хангасан ч хотын намын хороо, нийслэлийн томилгооруу ойртуулаагүй. Учир нь тэр намын доторх нам гэгддэг нийслэлд ямар их хүч нөөц бололцоо байгааг мэддэг. Эргээд унахад түшиж босгодог найдвартай талбай нь гэдгийг маш сайн тооцоолдог байсан. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч М.Энхболд унасны дараа У.Хүрэлсүхийн фракцынхан хотын намыг гартаа оруулахын тулд нэлээд амаргүй тулаан өрнүүлсэн. Ингэхдээ М.Энхболдтой ойрын хүн гэгдэж явсан Д.Сумьяабазар тэргүүтэй “сонгины фракц”-ыг талдаа татаж, харилцан тохиролцож өөрийг нь хотын намын хорооны даргаар сонгосон билээ. Ингээд нийслэлийн Засаг даргыг Д.Амарбаясгалангийн талаас С.Амарсайханыг, НИТХ-ын даргыг Д.Сумьяабазарын талаас Р.Дагва нарыг тус тус томилж хотын захиргаа, дэргэдэх байгууллагуудын томилгоог 50\50-иар тохирч хийж явахаар болсон гэдэг. Гэтэл хотын намын хорооны дарга Д.Сумьяабазарын нөлөө тун бага болж Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар голлон асуудлыг шийдэх болсноор түнжин муудаж тэдний хоорондын зөрчил эхэлсэн гэдэг.
Энэ зөрчил улам газар авсаар өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн гарт 45 хүний нэр, Д.Сумьяабазар нь мөн өөр 45 хүний нэртэй хоёр талаасаа тохирч өгөхгүй байдалд хүрчихээд байна. Д.Амарбаясгалангийн зүгээс нийслэлийн сонгуульд ялбал Ж.Батбаясгаланг, С.Амарсайхан, Ж.Ганбаатар нарын зүгээс Б.Отгонсүхийг хотын даргаар томилуулах хувилбар яригдаж байгаа бол Д.Сумьяабазар нь Р.Дагвыг томилуулах бодолтой байгаагаа “хотын дарга ажил амьдралын туршлагатай хүн байх ёстой” гэж хэлснээрээ нотолсон юм.
Алаагүй баавгайн арьсыг хуваах үлгэрээр МАН орон нутгийн сонгуульд ороогүй, ялаачгүй байж дараагийн ажил албан тушаалын төлөө ийнхүү хоорондоо таарч өгөхгүй толхилцож явна.Гэтэл энэ зуур АН нэгдэж, хүчээ сэлбэж сонгуульд орохоор базааж байна. Үеийн үед орон нутгийн сонгууль нь УИХ-ын сонгуулиа ерөнхийдөө дагасан дүнтэй гардаг. Гэвч нийслэлийн хувьд огт өөр. Бүхэл бүтэн хүн амын тал хувь нь амьдарч байгаа том талбайд АН хоосон хоцорч байсан түүхгүй. Өнгөрөгч 2016 онд л гэхэд МАН УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан байхад АН Сүхбаатар, Баянгол, Баянзүрх гэсэн гурван том дүүрэгт ялалт байгуулсан юм. Эдгээр дүүрэгт 730 мянга орчим хүн амьдарч байгаа нь нийслэлийн хүн амын бараг тал нь юм. Ийм том засаг захиргааг удирдана гэдэг дараа дараагийн сонгуульд суурьтай орох гол нөхцлүүдийн нэг. Үүнийг ч нотолж 2017 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд хотод навсаатлаа ялагдсан. МАН-ын дотоод толхилцоон, АН-ын нэгдэл нь зөвхөн орон нутгийн сонгуулиар хязгаарлагдахгүй, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль, ирэх дөрвөн жилийн улс төрийн өнгө будгийг тодорхойлох чухал үйл явдал болж байна.