Боловсролын салбарт хүний нөөцийн асуудал байнга хөндөгдөж байдаг. Цалин хангамж бага учраас гадаадад очиж, бидний хэлдгээр хар ажил хийж, амьдралаа авч явдаг гэдгийг энэ салбарынхан хэлсээр буй. Шинээр залуу боловсон хүчин орж ирдэг ч удалгүй гараад явдгийг ч нуух юун.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сурагчийн сурлагын амжилтыг үнэлэх үнэлгээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллийг танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан байдаг.
Тэрбээр “Хувийн сургуулиудад нэг л зүйлийг хэлж байгаа. Төрийн сургуулиас багш, гүйцэтгэл өндөртэй сурагчдыг нь авдаг байж болохгүй. Цаашид төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгах ёстой” гэв.
Уг нь хувь хүн цалин хангамж, ажлын орчин нөхцлөөс шалтгаалж, хаана ажиллаж, сурахаа өөрөө шийдэх эрхтэй. Гэвч Боловсролын салбар хариуцсан сайд нь хүний эрхийн мэдрэмжгүй, боловсролгүй үг хэлж бусдыг хаашаа шилжиж, хаана ажиллахыг захиргаадаж сууна. Ганц багш гэлтгүй хэн ч байсан хүссэн мэргэжлээ эзэмшиж, хаана ажиллах эсэхээ өөрөө сонгох ёстой хүмүүнлэг ардчилсан нийгэмд бид амьдарч байна.
Өөрийнхөө толгойлж буй салбарынхаа төрийн сургуулиудыг ад үзээд байгаа хувийн сургуулиуд шиг менежменттэй, сургалтын орчинтой, анги танхимын хүртээмж нь боломжийн болгож байгаад зах зээлийн зарчмаар өрсөлдөх нь зүйтэй. Харин хүний хаана хөдөлмөр эрхлэхийг зааж, зааглаж болохгүй.
Төрийн сургуулиудад боловсон хүчнээ авч үлдэхийн тулд төрийн өмчийн сургуулиудынхаа цалин хангамж, орчин нөхцлийг хувийн сургуулиудтайгаа эн тэнцүү хэмжээнд хүргэх ёстой юм. Сайдын энэ яриаг сонссон багш нар ирээдүйгээ бодсондоо эхнээсээ улсын сургуулиудыг сонгохгүй байх ч эрсдэлтэй дүр зураг харагдаж байна.