Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам коронавирусний халдварыг багасгахын тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй Олон нийтийг шинжилгээнд хамруулах хөтөлбөрт нэгдэхийг оршин суугчдадаа уриалсан байна.
“Өнөөдрөөс эхлүүлж буй энэхүү хөтөлбөрт өглөөний байдлаар 10 мянга орчим хүн хамрагдан “COVID-19”-ийн шинжилгээ хийлгэсэн” гэж К.Лам Гүйцэтгэх зөвлөлийн уулзалтыг угтан зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Тэрбээр шинжилгээ хийх үйл явцыг энгийн, аюулгүй хэмээн тайлбарлаад, өөрөө ч мөн шинжилгээнд хамрагдсан тухайгаа ярьсан байна.
"Хонконгт цар тахлын гуравдугаар давлагаа эхэлснээс хойш өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо даваа гарагт хоёр дахь удаагаа нэг оронтой тоонд хүрч буурсан" хэмээн К.Лам мэдээлжээ. Тэрбээр Хонконгт илэрсэн халдварын тохиолдлуудын дөрөвний нэг орчим нь шинж тэмдэггүй байгааг онцлоод, олон нийт шинжилгээний хөтөлбөрт өндөр ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
С.Хонгорзул