Английн хөл бөмбөгийн "Манчестер Сити" клуб Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Мессид 500 сая евро санал болгоход бэлэн байгаа тухай “Sport.es” цахим хуудас мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, 33 настай хөлбөмбөгчинтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулах гэнэ. Түүний жилийн цалин 50 сая евро байх аж. Месси таван жилийнхээ гурвыг нь Английн Премьер Лигт өнгөрөөж, 2023/24 оны улирлын тоглолтод “Нью Йорк Сити” клубэд ирэх юм. Хөл бөмбөгийн Гол лиг (MLS) рүү шилжсэнийхээ төлөө тэрбээр 250 сая еврогийн урамшуулал авна гэжээ.
Испанийн “Барселона” багт 20 жил хүчин зүтгэсэн Лионель Месси багаасаа явах хүсэлтээ өмнө нь албан ёсоор удирдлагууддаа хүргүүлжээ. “Cadena SER” радиогоор мэдээлснээр, каталончууд түүнийг шилжүүлсний нөхөн төлбөрт 700 сая евро төлөхийг шаардсан боловч улирлын төгсгөлд гэрээ цуцлагдвал энэ заалт хүчингүй болно. “Барселона” багтай хийсэн Мессигийн гэрээний хугацаа 2021 оны зун дуусах ажээ.
Түүнчлэн “Mirror” сонинд “Барселона” Мессиг “Манчестер Сити”-д 280 сая еврогоор зарахад бэлэн буйгаа мэдээлжээ.