Он гарнаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 нь иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд байжээ.
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан Баасан (2020.08.28)-нд болов.
Энэ үеэр Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлууд, Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, анхаарах асуудал, Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах журмыг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар 2016 оноос хэрэгжүүлж байгаа “Газар хөдлөлтийн гамшигт тэсвэртэй, аюулгүй орчныг бий болгох үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийг бууруулах мэдлэг, мэдээллийг олон нийтэд үр дүнтэй хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгааг бүх түвшинд эрчимжүүлэх, 21 аймаг болон нийслэл Улаанбаатар хотод байгуулсан Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд орон нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгааг анхааралдаа авч, үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг үүрэг болгожээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар