Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д вирусын эмчилгээний зардлыг төр хариуцах боломжийг бүрдүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 0 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

- Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Монгол Улсад элэгний хавдар, нас баралт өндөр байна. ДЭМБ-ын тооцооллоор Монгол Улсад халдвартай 66 мянган иргэн байгаа гэсэн бол элэгний Д вирусын халдвартай иргэдийн ТББ-ын мэдээллээр 150 орчим мянга байгаа гэх судалгаа байна. Харин ХӨСҮТ-д халдвартай нь батлагдсан 3800 иргэн байна.

Би өнгөрсөн хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үд хотноо уулзалт хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусын халдвартай иргэдийг Буриадад эмчлэхээр болсон. Уг халдварын ихэнх хувийг тэтгэврээс өөр орлоггүй өндөр настангууд эзэлж байна.

Буриадад нэг сарын эмчилгээний зардал нь 5 сая төгрөг. Эмчилгээ нь асар өндөр учраас иргэдийн зардлыг улсын төсвөөс даах боломжийг бүрдүүлнэ. Жил бүр улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээг авна. Эрүүл мэндийн тухай хуульд халдварт өвчний эмчилгээний зардлыг төр хариуцна гэж заасан.

Мөн АНУ-ын Gilead Sciences компанийн тариаг эмчилгээнд хэрэглэх талаар олон талын хэлэлцээр хийж байна. Монгол Улсад уг эм нь бүртгэлгүй ч гэсэн манай улс 2021 онд уг эмийг өнчин эмийн бүртгэлд бүртгэсэн байдаг. Европын холбоо уг тариаг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн. Гэхдээ үнэ нь өндөр. Сарын эмчилгээний зардал нь 10-12 мянган евро. Манай талаас Европын холбоонд зарагдаж байгаа үнээс 8 дахин бага үнээр авахаар ярилцаж байна. Дундын зуучлагч компанигүйгээр ХӨСҮТ, АНУ-ын үйлдвэрээс эм худалдан авч, эмчилгээнд хэрэглэхээр хэлцэл хийж байна. АНУ-ын компанийн эмийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болвол гааль болон НӨАТ-аас чөлөөлнө. Ингэж байж эмчилгээний зардлыг бууруулна.

Иргэдийн хувьд Буриадад эмчилгээнд хамрагдах, эсвэл АНУ-аас орж ирэх тариаг хэрэглэх боломжтой болно.

Нэг жилийн дотор халдвартай бүх иргэдийг эмчилгээнд хамруулж чадахгүй. Тийм төсөв мөнгө ч байхгүй. АНУ, ОХУ-д үйлдвэрлэж байгаа тарианы хэрэгцээ хязгаарлагдмал байгаа. АНУ-ын компанийн хувьд жилд 1000 тариа, ОХУ 700-1000 тариа үйлдвэрлэж байна. Олон мянган иргэдийг үе шаттайгаар 4-5 жилийн хугацаанд эмчилгээнд хамруулна.

Нийслэлийн 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй гэх дүгнэлт гарчээ
Нийслэлийн 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй гэх дүгнэлт гарчээ
 
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Урсгал сөрсний улмаас 4 машин мөргөлдөж, түргэний машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.