ЭМЯ болон ХӨСҮТ-өөс Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Өчигдөр буюу наймдугаар сарын 29-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 559 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 90 хүний шинжилгээ, ХӨСҮТ болон тусгаарлан ажиглах байранд ажиллаж буй 21 эмч, ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч, наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 278 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 10-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 115 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний давтан шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй." гэлээ.
Мөн тэрээр, "Өнөөдөр ХӨСҮТ-өөс дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Тэдгээр нь 20, 45, 65, 73 настай эмэгтэй хүмүүс бөгөөд чихрийн шижин болон астматай хоёр хүн байсан нь эдгэрлээ." гэсэн юм.