Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл /хулгайлах/-ийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл /мал хулгайлах/-ийн 1, 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Мөнхгэрэл, З.Баттулга, Д.Чимэдбазар, Б.Баттулга, П.Лхаасүрэн, Ц.Мөнхтөр, Ц.Чүлтэмдорж, Э.Тогтохбаяр, Т.Сумъяамягмар, Н.Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан.
Дээрх нэр бүхий яллагдагч нар нь тээврийн хэрэгсэл ашиглан 54 тооны бод мал хулгайлж 68,594,300 төгрөг, эд хөрөнгө хулгайлж 20,615,436 төгрөг, нийт бусдын эд хөрөнгөд 89,209,736 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон.
Яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт зарласан бөгөөд яллагдагч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3-т заасны дагуу прокурорт буцааж шийдвэрлэв.
Эх сурвалж: Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар.