Цаг агаар нэмэх хэмд шилжиж, цас эрчимтэй хайлж байгаагийн улмаас шар усны үерийн эрсдэл нэмэгдэж буйг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж буй. Тэгвэл өчигдөр нийслэлийн хэмжээнд шар усны үерийн улмаас усанд автсан гэх гурван дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Тодруулбал,
-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны нэгдүгээр давхар шар усанд автсан тухай дуудлагыг өчигдөр /2024.03.25/ 13:16 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 цаг 30 минут ажиллаж, тус байрны гадна талбайд хуримтлагдсан шар усыг мотопомп ашиглан соруулж, аюулгүй болгосон байна.
-Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар хэсгийн нэгдүгээр гудамжинд шар усанд гэр автсан тухай дуудлагыг мөн өдрийн 12:45 цагт ирүүлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 30 минут ажиллаж, иргэн З-ийн 5 ханатай гэр шар усанд автсан байсныг 10 метр шуудуу татан усыг гадагш урсгаж, аюулгүй болгосон.
-Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, гуравдугаар хэсгийн 32 дугаар гудамжинд шар усанд гэр автсан тухай дуудлагыг мөн өдрийн 16:00 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3 цаг 30 минут ажиллаж, иргэн А-ын хашаа, 5 ханатай гэр усанд автсан байсныг мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгожээ.