Өнөөдөр хэн хүнгүй л "Хүүхдийн эрх" хэмээн ярьж, шогширдог боловч хэний ч хөнддөггүй сэдэв бол асрамж халамжийн төвд амьдарч байгаа бүтэн өнчин хүүхдүүдийн өмчлөлийн асуудал. Товчхондоо Монголын төр энэ асуудлыг таг мартсан. Энэ нь ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын уялдаа холбоогүй байдлаас тод харагдана.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “ИТХ, Засаг дарга хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажил, үйлчилгээний зардал, нийгмийн ажилтны урамшууллыг улс болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ” гэж заасан. Гэвч Хүний эрхийн Үндэсний комиссын /ХЭҮК/ 2022 оны хяналт шалгалтын явцад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд зарим аймгийн хороо төлөвлөгөө баталсан хэдий ч ямар ч төсөв тусгаагүй, төсөв хөрөнгө шийдвэрлүүлэх тал дээр холбогдох байгууллагуудад хандсан албан бичиг, хүсэлт явуулаагүй, төсвийг шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлээ мэдэхгүй байжээ.
Ийм байхад төрийн байгууллагууд хүүхдийн эрхийг хамгаална гэж ярихаасаа ичмээр.
- 30 асрамжид 220 бүтэн, 335 хагас өнчин хүүхэд байна -
Монгол Улсын хэмжээнд 2023 оны байдлаар 21 байгууллагын 30 асрамж, халамжийн төвд 924 хүүхэд, залуус амьдарч байна. Үүнээс:
- 220 нь бүтэн өнчин,
- 334 нь хагас өнчин,
- 341 нь гэр бүлтэй,
- 29 нь олдмол,
Уг нь асрамж халамжийн төвүүд бүтэн өнчин хүүхдүүд авах ёстой. Гэвч дээрх тооноос харахад гэр бүлтэй хүүхдүүд асрамжийн төвүүдийг дүүргэж байна. Шалтгаан нь нөгөө л нэг гэр бүл салалт, архидалт, хүчирхийлэл.
Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд хэрэгжүүлж ирсэн төрийн бодлого хөрсөн дээрээ буугаагүй гэдгийг дээрх 341 гэх тоо хэлээд өгчихлөө.
ХЭҮК-ын захиалгаар 2023 онд “Жи Би Эм Глобал” ХХК-ийн судлаачид 20 асрамж халамжийн төвийн 170 гаруй хүүхдүүдээс "Эцэг, эхээс өвлөсөн хөрөнгө байгаа” эсэхийг асуухад 14 хувь нь байгаа, 16 хувь нь байхгүй, 73 хувь нь мэдэхгүй” гэж хариулжээ. Байгаа гэж хариулсан хүүхдүүд байр, газар, хашаа байшин зэргээ хамаатан, садандаа дээрэмдүүлсэн гэдгээ хэлсэн байна. Уг нь ном журмаараа хүүхдийн эрхийн байцаагч, нийгмийн ажилтан талийгаач эцэг, эхийнх нь нэр дээрх хөрөнгө, өр зээлийг шүүж, хүүхдийн асран хамгаалагчийг тодорхойлж Засаг даргад танилцуулж, энэ мэдээлэл цаашаа шүүх дээр очих ёстой. Улмаар өвлөх хөрөнгө байгаа тохиолдолд хүүхдийн нэр дээр шилжүүлэх асуудал яригдах байсан.
Гэвч бодит байдал дээр бүтэн өнчин хүүхдүүдийн хувьд түүний төрөл садан эсхүл төрөлжсөн асрамж халамжийн газарт томилсноос үл харгалзан захирамжид эцэг эхээс нь үлдсэн хүүхдийн өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэх, хадгалах, хамгаалах, өвлүүлэх асуудлыг төрийн байгууллагууд аль, аль талдаа орхигдуулжээ.
-Асрамжид байгаа бүтэн өнчин хүүхдүүдийн өмчлөлийн асуудлыг мэдэх байгууллага алга -
Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Эцэг эх нь нас барсан, тогтоогдоогүй, сураггүй алга болсон, эцэг эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулж хасуулсан шийдвэр хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хүүхэд хагас, бүтэн өнчин гэж тооцогддог.
- Нас барсан эцэг 543, эх 851
- Эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хасуулсан эцэг 81, эх 19
- Сураггүй алга болсон эцэг 58, эх 13 байна.
Тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэхээр нас барсны тодорхойлолт нэхээд байдаг. Эцэг эх нь нас барсан боловч нас барсаны гэрчилгээ байхгүй, сураггүй алга болсон, гэр бүл салсаны улмаас асрамждаа авсан, тохиолдолд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж болох 1.2 сая төгрөг олгогдохгүй байна. Тиймээс энэ бүгдийг тодорхой болгох шаардлагатай.
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг харахаар хагас болон бүтэн өнчин хүүхдүүд рүү чиглэсэн арга хэмжээ байдаггүй. Эдгээр хүүхдүүдийн асуудал өнөөг хүртэл орхигдсоор ирсэн. Ялангуяа өмчлөх эрхийн асуудал. Энэ талаар мэддэг байгууллага алга. Судалсан байгууллага ч байхгүй. Төрийн байгууллагуудын тоон мэдээлэл хоорондоо зөрүүтэй. Үүн дээр бид дэлгэрэнгүй судалгаа хийж, төрийн хэмжээнд нэгдсэн бодлого боловсруулах шаардлагатай болжээ. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүд эцэг эхээ гэнэтийн байдлаар алддаг учраас хүнд хэлбэрийн шокт ордог. Гэтэл тэдгээр хүүхдүүдтэй ажилладаг туршлага практик Монголд алга.
Асрамж халамжийн төвүүдийн сэтгэлзүйч нь тухайн хүүхэдтэй урт хугацаанд ажиллах ёстой байтал 1-2 удаа зөвлөгөө өгөөд хаячихдаг. Их дээд сургуульд орлоо гэхэд төгссөн хүүхэд тун ховор.
2018-2023 онд их, дээд сургуульд 227 хүүхэд сурсан байхад төгссөн нь 28 хүүхэд байна.
Хуулиараа боловсролын зээлийн санд бүрэн хамруулдаг болсон. Гэтэл хүүхдэд өмсөх хувцасаас эхлээд бусад хэрэгцээнд мөнгө хэрэгтэй болно. Гадаадад бол степинт өгдөг. Харин манайд бол үгүй. Тиймээс эргэж харах олон асуудал байна" гэдгийг онцлов.
- Засаг дарга нар асран хамгаалагчийг ямар шалтгаанаар томилж байгаа нь тодорхойгүй -
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10 дахь хэсэгт "Сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ" гэж зохицуулсан байдаг. Гэвч Засаг дарга нар зөвхөн захирамж гаргах төдийхөн байна.
ХЭҮК-оос 5 аймгийн 20 сумын 65 Засаг дарга нарын захирамжид дүн шинжилгээ хийхэд 65 захирамжийн 37 нь буюу 56.9 хувь нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг ямар шалтгаанаар томилж байгаа нь тодорхойгүй, 30 нь буюу 46.1 хувь нь хүүхдэд асран хамгаалагч, харгалзаж дэмжигчээр томилсон иргэн нь хүүхэдтэй ямар холбоотой болохыг тодорхой дурдаагүй шууд томилсон байжээ.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Хүүхдийг асрамж халамжийн төвд шилжүүлэхдээ Засаг даргын захирамж хугацаагүй гардаг, хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх төлөвлөгөө, хамтарсан багаас үзүүлэх, мэргэжлийн үйлчилгээ хангалтгүй, хороо, дүүргийн нийгмийн ажилтан байнга солигдож байна. НҮБ-аас хүүхдийг асрамжид байлгахаас илүүтэй хамаатан садантай нь ойр байлгахыг илүүд үздэг ч би хувьдаа үүний эсрэг байдаг.
Манайд бүтэн эсвэл хагас өнчин хүүдийн асран хамгаалагчийн цаана нь хүүхдийн мөнгийг нь авах, эсвэл гэртээ боолын хөдөлмөр эрхлүүлэхийн тулд сургууль цэцэрлэгт явуулахгүй эмнэлгийн бараа ч харуулахгүй тохиолдол их байна. Зарим тохиолдолд хүүхдийг зодож, хүчирхийлж байна.
Тухайлбал, малчин айл хүүхдийг өсгөлөө гэхэд ямар ч хяналтгүй. Хүний хүүхдийг өөрийнхөө хүүхдээс илүү хайрлана гэж байхгүй. Өдөр, шөнөгүй боолын хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдол ч гарсан. Асрамжийн газраас хүүхдийн мөнгийг нь авахын тулд 1 айлын 4 хүүхдийг эмээ нь авах хүсэлт гаргасан тохиолдол бий. 4 хүүхдийн хүүхдийн мөнгө 400 мянга, тэжээгчээ алдсаны тэтгэмж нэг хүүхдийн 325 мянган төгрөг гэхээр 1.3 сая төгрөг нийтдээ 1.7 саяын төлөө эмээ нь хүсэлт гаргасан байх жишээний” гэв.
- Цаашид хэрхэх вэ -
- Асрамж халамжийн төвд ирж буй бүтэн өнчин хүүхдийн эд хөрөнгийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх,
Асрамж халамжийн төвд үйлчилгээ авч буй хүүхдүүдийг ар гэрт нь эргэн нэгтгэх үйлчилгээний чанарыг сайжруулах, гэр бүлийн нөхөн сэргээх үйлчилгээг анхан шатанд чанартай үзүүлж хүүхдийн 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд гэр бүлд эргэн нэгтгэх эрх зүйн орныг бүрдүүлэх,
- Хүүхдүүдэд сэтгэл заслын болон урт хугацааны сэтгэл зүйн зөвлөгөөө тусламжийг үр дүнтэй цогц байдлаар үзүүлэх,
Асрамж халамжийн төвөөс 18 нас хүрээд гарч байгаа залуусыг орон сууцын хөнгөлөлтөд хамруулах, аймаг нийслэлийн Засаг даргын зүгээс дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж ХҮЭК-оос үзжээ. Бид энэ талаар эргэн сурвалжлах болно.