2022 онд Монгол Улс Импортоор 3,3 тэрбум ширхэг, 2023 онд 3,5 тэрбум ширхэг тамхи импортоор оруулж ирсэн дүн мэдээ байдаг. Тэгвэл 2024 оны эхний хоёрдугаар сарын байдлаар өмнөх онуудтай харьцуулахад янжуур тамхины импорт 23 хувиар буурсан үзүүлэлт ажиглагдаж эхэллээ. Гаалийн мэдээгээр 2023 оны эхний 2 сард 573 сая ширхэг тамхи Монгол улсад импортоор орж ирж байсан бол 2024 онд 443 сая болж буурчээ.
Энэ нь сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа тамхины хор уршгийн талаарх мэдээллүүд тамхи татдаг хэрэглэгч, хүн бүрд нөлөөлөл үзүүлж, тамхиа багасгах, тамхинаас татгалзах зорилготой давхар халаадаг тамхи, электрон тамхи хэрэглэх нь ихэссэнтэй холбоотой гэж үзэж байна.
Монгол улсын хэмжээнд нийт 800 мянга гаруй тамхи татдаг хүн байдаг гэсэн судалгаа байдаг. Монгол улсын янжуур тамхины импорт 23 хувиар буурсан үзүүлэлт нь нийт тамхи хэрэглэгчдийн 23 хувь буюу 182 мянган хэрэглэгч Электрон болон халаадаг тамхи руу шилжсэн гэсэн тооцоолол гарч болохоор байна.
Янжуур тамхины хэрэглээ буурах нь түүнээс шалтгаалах өвчин эмгэг, зүрх судасны өвчлөл, хорт хавдрын тохиолдол буурах давхар үр дүнтэй байдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын зөвлөснөөр тамхины Онцгой Албан Татварыг бүс нутгийн хэмжээнд ижил тавих шаардлагатай гэж үздэг ба манай улсын хөрш орнуудын хэмжээтэй дүйцүүлэх хэрэгцээ үүсэж байна.
Монгол Улсын хувьд утаат тамхины бүтээгдэхүүн дээр онцгой албан татварыг 2020 оноос шат дараатай нэмэх ёстой байсан хэдий ч тодорхойгүй шалтгаанаар 4 жилийн хугацаанд огт нэмээгүй бөгөөд 1 хайрцаг тамхинд ногдуулах татварын хэмжээ 836 төгрөг байгаа нь хөрш зэргэлдээ орнууд бүү хэл дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хамгийн бага татвартай, хамгийн хямдхан худалдаалдаг тамхитай улс хэвээр байгаа юм. Хэрэв бид онцгой албан татвараа бусад хөрш зэргэлдээ орнуудын жишгээр жил дараалан өсгөж явсан бол /ОХУ, Казакстан 2400 төгрөг ОАТ хэмжээ 1 хайрцаг тамхинд ногдуулж байна/ улсын төсөвт ойролцоогоор жил бүр 260 тэрбум төгрөг, 4 жилийн хугацаанд 1 их наяд төгрөгийг тамхины импортлогч компаниудаас татан төвлөрүүлэн Эрүүл Мэндийг Дэмжих сангаар дамжуулан тамхидалтыг бууруулах төвүүд байгуулах боломжтой байх байлаа.
Гэтэл хамгийн их хор уршигтай утаат янжуур тамхины Онцгой Албан татварыг нэмээгүй 4 жил явж байгаа ба хуулийг санаачилж батлуулах үүрэгтэй ЭМЯ идэвхийлэн ажил хийхгүй байх нь хэний эрх ашигт үйлчилсэн бол гэдэг асуулттай заавал тулгарч байна. Бүтэн 4 жил татварыг нэмээгүй бол яг одоо нэмэх цаг нь төдийгүй тамхидалтыг бууруулъя гэж зориглон дорвитойхон нэмэх шаардлагатай тулгарч байна.