Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж"-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2023.03.19/ боллоо. Тодруулбал, тус хөтөлбөрийг Япон улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэнд зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг. Энэ удаа Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн засварын төслийг санхүүжүүлэхээр болсон байна.
Төслийн хүрээнд тус Эрүүл мэндийн төвийн дээвэр, гадна фасад, дулааны болон цэвэр бохир усны шугам, агааржуулалтын системийг засварлаж, цахилгаан харилцаа холбооны системийг шинэчлэх аж. Засвар хийгдснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл сайжирч, сумын иргэд найдвартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэх талаар гарын үсэг зурах ёслолд оролцсон албаныхан онцолж байлаа.
Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр "Энэ төслийг Завханчууд бид ойрын хугацаанд чанарын өндөр түвшинд хийж, хүлээлгэж өгөх болно. Завхан аймгийн дэмжиж, боловсрол, эрүүл мэнд зэрэг нэн чухал шаардлагатай салбаруудад бодитой дэмжлэг, хөрөнгө оруулалт хийж байгаа Япон улсын Засгийн газар, ард иргэдэд гүн талархал илэрхийлье" гэсэн юм.
Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 604 дэх, Завхан аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байгаа юм. Мөн батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 201,523 ам.доллар байх аж.