БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын таван иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон гурван иргэн коронавирусний халдвар авсан болох нь 2020 оны наймдугаар сарын 26-ны тогтоогдсон байна. Иргэдийн биеийн байдал хэвийн, холбогдох байгууллагын туслалцаа дэмжлэгийг авч байгаа гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас мэдээллээ.
Эдгээр иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг ЭСЯ-наас зөвлөж байна.
Манай иргэд хамгийн ихээр оршин суудаг Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт коронавирусын дэгдэлт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байна. Иймд БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, хувийн зай барих зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чанд хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг Элчин сайдын яамнаас хүслээ.
Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны мэдээлснээр халдвар авсан нэг иргэн консулын газраар үйлчлүүлсэн тул консулын нийт ажилтнуудыг шинжилгээнд хамруулахаар болжээ.