Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр Толгойт дэд төвийн Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын үйл явц, Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцны төслийн ажлын явцтай танилцлаа.
Толгойт дэд төв нь Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34 болон 35 дугаар хороог хамарсан нийт 153,4 га газарт нийгмийн барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар тус дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 28.7 хувьтай байгаа бол Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалт 80 хувьтай явж байна. Тус Бизнес инкубатор төвийг 5 дугаар сарын 31-нд ашиглалтад оруулна гэдгийг "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн зохицуулагч Д.Авирмэд хэлж байв.
Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийг ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг боломж бүрдэнэ. Түүнчлэн Толгойт дэд төвийн дэд бүтцийн ажлыг дуусахаар уг бүсэд 6.000 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг эхлүүлэхийг НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан онцоллоо.
Мөн СХД-ийн 34 дүгээр хорооны Баянголын аманд баригдах 2007 айлын орон сууцны төслийн явцтай танилцав. Баянголын аманд 450 га газарт 75 мянган хүн оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн бөгөөд дэд бүтэц нь 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтай юм. Иймээс Баянголын амын 10 га газарт 2007 айлын орон сууцыг БНСУ-ын ЭКСИМ банкны нэн хөнгөлөлттэй зээлээр төслийг хэрэгжүүлнэ. Энэ үеэр Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарласан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. 2025 он гэхэд 2007 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцүүлэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ” гэлээ.