БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ. Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөнө.
Түүнчлэн морьт харваа, анч нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа, бусад үйлчилгээг дэлгээд байна. Мөн нээлтийн үеэр шилдэг 21 бүргэдчинийг алдаршуулсан юм.
Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Монгол орон түүх соёл, өв уламжлал арвинтай, олон ястны өлгий нутаг билээ. Бүргэдийн баяр нийслэлчүүд болон жуулчдын хүсэн хүлээж, зорин ирдэг нэгэн том баяр болсон байна. Өвлийн аялал жуулчлыг хөгжүүлэх энэ үйл ажиллагааг нийслэлийн зүгээс үргэлж дэмжиж, манлайлан оролцдог. Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн тэртээгээс хадгалагдан ирсэн бүргэдээр ан хийх соёлыг өвлөн тээж, хойч үедээ уламжлуулж буй үндэстэн бол монголчууд бид юм” хэмээлээ.