Улсын аварга О.Хангай "Алдарт эх"-ийн одонгийн асуудлаар цахим орчинд байр сууриа илэрхийлсэн байдаг. Тодруулбал,
"Хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ 2 нас 4 сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан.
Ерөнхийлөгчийн тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. 4 хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа" гэсэн юм.
Харин энэ талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар тайлбар өгөхдөө "Бид О.Хангай аваргатай биечилж уулзсан. Түүний саналыг хүлээн авч ХНХЯ-нд хүргүүлсэн. Ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар оруулна. Улмаар УИХ-ын хаврын чуулганаар “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина" гэлээ.