Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д таницуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлага төлөөлөгчдийн асуултад хариулсныг хүргэж байна.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: Өнгөрсөн жил үер болж, Баянзүрх дүүрэгт Сэлбэ гол хальсан. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс дүгнэлт гаргаж байгаа байх. Миний хувьд “Ривер Вилла” хотхон орчимд голын ай савыг тасалж авснаас болж усны гарц буурсан гэж харагдсан. Голын голдирол өөрчилсөн энэ асуудалд арга хэмжээ авсан уу?
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Дунд голын голдирлыг өөрчилж барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгасан. “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна. Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Мөн голын урсгал дахь бургасуудыг шилжүүлэх ёстойг мэргэжлийнхэн зөвлөж байгаа. Өнгөрсөн онд болсон үерийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ онд ч мөн их хэмжээний бороо орж болзошгүй хэмээн үзэж байгаа тул Улаанбаатар хот дахь голуудын урсцыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Олон удаа ярьсан ч арга хэмжээ аваагүй байгаа нэг объект бол “Акуа Гарден” хотхоны барилга. Бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Бороо их орж, үер болох эрсдэл байгаагаас гадна “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй. Энэ барилгыг буулгалгүйгээр бусад иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавиад байж болохгүй. Үер ус гэх мэт гамшгийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмжийг тавдугаар сар гэхэд авсан байхаар гэрээ байгуулах ажил эхлүүлсэн.
Нийслэлд аврах ажиллагааны үед ашиглах мэдээллийн сан дутмаг. Тиймээс нийслэлд болзошгүй эрсдэл, аврах ажиллагааны үед шаардлагатай мэдээллийг нэг дор харуулах программ хөгжүүлж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Шатахуун түгээх станцууд тун эрсдэлтэй байршилд байгаа тохиолдол маш их байна. Зөвшөөрлийг нь хаанаас өгдөг юм бэ. Энэ асуудлыг цэгцлэхэд ямар арга хэмжээ авах вэ?
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Шатахуун түгээх станцуудад стандарт мөрдүүлэхэд анхаарах шаардлага үүссэн. Цаашид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд төлөвлөгөөг нарийвчлан гаргах шаардлагатай. Шатахуун түгээх станцын зөвшөөрлийг УУХҮЯ-наас олгодог. Зөвшөөрөлгүй баригдаж байсан станцууд ч байна. Сургуулийн ойролцоох шатахуун түгээх станцуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар Ажлын хэсэг байгуулсан.