Энэ жил 75 жилийн ойгоо тэмдэглэх “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 16 мянган ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч эрүүл мэнд, боловсрол, орон сууц, спорт соёл урлаг зэрэг нийгмийн салбарын аж ахуйн нэгжүүдийг ажиллуулдаг байна.
Тэгвэл эдгээр байгууллагуудын нэг болох төмөр замчдын хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяанд 27 цэцэрлэг багтдаг бөгөөд эдгээр цэцэрлэгт төмөр замчдын 4500 шахам хүүхэд сурч хүмүүжиж байгаа юм. Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН нь сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ЗТХЯ-ны Авто тээврийн Үндэсний төв байрлаж байсан байранд засвар хийж УБТЗ-ын “Ган зам” цэцэрлэгийн салбар 50 хүүхдийн цэцэрлэгийг нээжээ.
Тус цэцэрлэгт ЗТХЯ-ны ажилтнуудын 28 хүүхэд, УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн 22 хүүхэд суралцаж байна. Уг цэцэрлэгийн засварын ажлыг УБТЗ-ын Барилга, засвар ашиглалт, үйлчилгээний анги хийсэн аж. Мөн цэцэрлэгийн засвар тохижилтын ажилтай ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга А.Батболд нар танилцсан бөгөөд хүүхдүүдийн сурч хөгжих орчныг сургуулийн өмнөх боловсролын МNS 6558 стандартад нийцүүлэн хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж ажиллаж байгаагаа УБТЗ-ын Хүүхдийн секторын удирдлага танилцууллаа.