Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 17 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болоод байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл 2020.08.20-ны өдөр Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоцны хувьд 08.20-ны орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирсэн юм.
Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, эрүүлийн мэндийн шалтгаантай-37, өндөр настан-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 байгаа юм.
Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 2020.08.21-ний өглөө 08:15 цагт Улаанбаатарт газардлаа. Энэ онгоцоор 268 иргэн эх орондоо ирсэн байна.