Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, малчдын зээлийн эргэн төлөлтийг энэ оны зургадугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрсэн билээ. Ингэснээр эдийн засагт ямар үр нөлөө гарах, банкуудад эрсдэл учрах эсэх талаар Эдийн засагч Б.Өлзийбаяртай ярилцлаа.
-Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар зөвшилцлөө. Эдийн засагчийн хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар малчдад олгосон "малчны зээл"-ийн хэмжээ 1.2 их наяд төгрөг байгаа юм билээ. Нийт арилжааны таван банк энэ зээлийг олгосон. Үүнийн хамгийн их дүнтэй буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банк, 585 тэрбумыг Хаан банк олгосон байна. Өөрөөр хэлбэл, хамгийн их зээлийг дээрх хоёр банк гаргасан гэсэн үг. Яагаад гэвэл орон нутагт хамгийн олон салбар, нэгжтэй бөгөөд системийн нөлөө бүхий таван банкны тоонд ордог.
Аливаа байгууллага хоорондоо гэрээ хэлцэл хийхдээ ямар ч тохиолдолд “давагдашгүй хүчин зүйл”-ийг тусгадаг. Тэгэхээр яах аргагүй одоо үүсээд буй зуд буюу байгалийн гамшиг нь давагдашгүй хүчин зүйлд тооцогдож байгаа. Бизнесийн байгууллагууд мэдээж эрсдэлийг тооцоолж үйл ажиллагаагаа явуулж буй учраас банкуудын баланст ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэж харж байгаа.
-Банкуудын төлөөлөл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Ингэхдээ, тэд гарч болзошгүй эрсдэлээ хэрхэн тооцоолсон бол?
-Системийн нөлөө бүхий таван банк бол Монголбанкны маш хатуу хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүгдийг тооцоолж, ажиллаж байгаа. Миний ойлгосноор, зуд болохоос өмнө буюу зуд болох нь тодорхой үед банкууд зээл авсан малчидтайгаа уулзаад, зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах гэх мэтээр хандаж эхэлсэн юм билээ.
Харилцагчдынх нь бизнес сайн явж байж, зээл эргэн төлөгдөнө шүү дээ. Тэгэхээр хоорондоо хамтран ажиллаж бизнес явах учраас банкууд энэ асуудал дээр малчдыг ойлгож, нааштай ажиллаж байгаа гэж ойлгосон.
-Ганц энэ удаагийнх биш, 2001-2002, 2009-2010 онд гэх мэтчилэн Монгол Улсад зуд нүүрлэж байсан шүү дээ. Зудын дараа улсын эдийн засагт ямар үр нөлөө гардаг вэ?
-Мэдээж, хамгийн наад зах нь махны үнэ өснө. Мах бол өөрөө инфляцыг өдөөж, хувь хэмжээ эзэлдэг бүтээгдэхүүн. Махны үнэ өсөхөөр бусад бараа бүтээгдэхүүн үнэ, инфляц өдөөгдөнө өө л гэсэн үг. Өнөөдөр мөнгөний бодлогын хүү, хадгаламж, зээлийн хүү өндөр байхад махны үнэ өсчихвөл яах вэ гэх мэт асуудлууд ар араасаа гарч ирнэ л дээ. Аливаа салбар бодлогоор дэмжигдэж явдаг учраас нөхцөл байдал хүндэрсэн малчдыг ямар бодлогоор дэмжих үү, хөнгөлөлттэй зээл олгох уу, хэвийн байдалд нь яаж түргэн хугацаанд оруулах уу гэдэг арга хэмжээгээ авах ёстой.
-Өнгөрсөн 2023 онд яг одоо зуд нүүрлээд буй ХАА-н салбар үзүүлэлт буурсан дүн гарсан. Зуд нүүрлэсэн учраас 2024 онд ч үргэлжлэх төлөвтэй байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Угаасаа бид эдийн засаг солонгоруулж чадахгүй байгаа. 60 сая тонн нүүрс гаргаж, валютын нөөц бүрдүүлчихлээ л гэж байна.Ганцхан жишээ хэлье.
2012 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17.4 хувь буюу дэлхийд дээгүүр үзүүлэлттэй явж байсан. Тэр үед бид 20 сая тонн хүрэхгүй нүүрс гаргадаг байлаа. Гэтэл өнөөдөр 60 сая тонн нүүрс гаргасан хэрнээ л эдийн засгийн өсөлт долоон хувьтай, ядуу өрхийн тоо нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл, экспортлоод байгаа нүүрсний үр дүн бидэнд наалдахгүй байна шүү дээ. Эдийн засгийн өсөлт, өрхийн орлогоороо 2012 оныг гүйцэхгүй байгаа нь хувийн хэвшил хөгжихгүй байна гэсэн үг. “Эрдэнэс Тавантолгой” ХК ганцаараа нүүрс гаргалаа гээд иргэдэд наалдахгүй байна. Хэзээ наалдах вэ гэхээр хувийн хэвшил хөгжсөн үед наалдана. Яагаад гэвэл хувийн хэвшил ажлын байр бий болгож, хүн амыг орлогожуулж, татвар шимтгэлээ төлдөг. Энэ процесс явагдахгүй байна. Нүүрс ухаж гаргана гэдэг нь ажлын байр бий болгох биш байхгүй юу. Нүүрс, нүүрс гээд байгаа болохоос, эдийн засаг нөлөө үзүүлэх бусад салбараа ерөөсөө хөгжүүлэхгүй, бодлогоор дэмжихгүй байна гэсэн үг. Манай эдийн засаг өөрөө маш эрсдэлтэй бүтэцтэй. Нүүрс, зэс, алтны үнэ унахад бид элгээрээ хэвтдэг. Тийм учраас бусад салбараа бодлогоор дэмжээгүй. Циклтэй учраас магадгүй жилийн дараа нүүрсний үнэ унана. Тэр үед бид яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
-Нэгэнт нүүрсний асуудал ярьсных асууя гэж бодлоо. Сар шинийн баярын өмнө 1072 хувьцааны ногдол ашгийг олгосон. Ирэх 4-р сарын эхэнд 2023 оны ногдол ашгийг хуваарилах тов бий. Ногдол ашгийг ингэж бэлэн мөнгө хэлбэрээр олгосноор эдийн засагт ямар үр нөлөө гарах вэ?
-Ногдол ашиг байдаг зүйл. ААН-үүд ногдол ашиг тараах зараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж байна. Энэ онд хөрөнгийн зах зээл дээр ногдол ашгийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч байгаа. Нийтдээ 480 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар яригдаж байна лээ. Компани ашигтай ажилласан бол ногдол ашиг тараах нь зөв. Гагцхүү, “ЭТТ” ХК-ийн хувьд ногдол ашгийг сонгуулийн мөчлөгтэй уялдуулмааргүй байгаа юм. Улстөрчид сонгуулийн хэрэгсэл болгочхоод байна. Бид “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2012 онд хувьцаа эзэмшүүлсэн. Үүнээс хойш 12 жил өнгөрсөн байна. Харин бидэнд хувьцаагаа захиран зарцуулах эрхийг өгөхгүй байна шүү дээ. Өвлүүлж, зарж, авч болохгүй байна. Ер нь ногдол ашгаас гадна хувьцааны арилжаа эхэлж, үнэ нь нэмэгдэж, ашгаа авах ёстой биз дээ.
Гэтэл зүгээр л улстөрийн хэрэгсэл болгочихсон. Сонгуулийн үеэр л “Сайн хувьцаа” гээд 300 мянган төгрөг өгдөг эсвэл ногдол ашиг нэрээр мөнгө тараадаг. Ийм баймааргүй байна. Ногдол ашиг тараахыг буруу гээгүй. Харин сонгуульд ашигладаг хувьцаа байлгамааргүй байна. Хувьцаа ч гэхэд хэцүү дээ. Яагаад гэвэл захиран зарцуулах эрхгүй.
-Ярилцсанд баярлалаа.