Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дуудлагаар очиход хүмүүс ядаж машин доорх цасаа ухаагүй биднийг хүлээгээд байж байдаг. Гэхдээ эсэн мэнд байгааг нь хараад баярладаг“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 18 секунд

-Цасанд суусан дуудлагаар яваад очихоор хүмүүс нь ядаж машиныхаа доогуурх цасыг ухчихаагүй, биднийг хүлээгээд л байж байдаг.

-Тэднийг хараад уур чинь хүрдэг үү?

-Үгүй ээ, эсэн мэнд байгааг нь харж баясаад, машиныг нь бушуухан гаргаж өгөхөө л боддог.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын химичин-аврагч, ахлагч Э.Гарамжил асуултад маань ийн хариулав.

Түүнийг Эрдэнэцогтын Гарамжил гэдэг. Аав нь Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, өөрөө Баруун-Уртад төржээ. Тэрбээр "Бага байхаасаа аврагч болохыг мөрөөддөг байлаа. Дунд сургуулиа 2011 онд төгсөөд Онцгой байдлын албанд орох гэж хоёр гурван удаа оролдоод тэнцээгүй. 2018 онд Ахлагчийн сургууль төгсөж мөрөөдөлдөө хүрч одоо аврагчаар ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Цаашдаа ч элдэв бодолгүйгээр албандаа зүтгэх зорилготой.

Эхнэр, хоёр хүүхэд, ээжтэйгээ хамт амьдардаг. Том охин 10, бага хүү дөрвөн настай. Бага хүү одооноос “Аав шигээ аврагч болно” гэх болсон. Эхнэр М.Янжиндулам гэж Ховдын бүсгүй бий. Алс баруун хязгаарын хүүхнийг яаж энэ хүртэл дагуулж ирсэн юм бэ гэж асуух хүн олон. Дуудлагаар яваад хэд хонож ирэхээ мэдэхгүй, сүлжээгүй газар олон өдрөөр ажилладаг ажлыг минь ойлгон, үргэлж намайг дэмжиж, зоригжуулан хүүхдүүдээ өсгөж, өвчтэй ээжийг минь асардаг авралын бурхан шиг ханьтай.

Би айлын ганц хүү. Аав эрт тэнгэрт хальсан, ээж минь байнгын асаргаанд байдаг. Өвчинд шаналахын хэцүүг мэддэг, мэдэрдэг болохоор ид шидтэйсэн бол олон хүнийг өвчнөөс ангижруулж өгөх юмсан гэж боддог байлаа. Нэгэнт шидтэн болж чадахгүйгээс хойш одоо харин ажлаа сайн хийж, ганц хүнийг ч болов эндүүлэхгүй аварч, тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхийн төлөө хичээж ажилладаг" гэлээ.

Мөн үргэлжлүүлэн "Энэ жилийн хувьд манай нутаг цас зудтай байдал үнэхээр хүндэрлээ. Цас их орж, цасны доогуур ус гүйж хөлдсөн учраас мал өвс идэх боломжгүй. Малчин айлаар очих үнэхээр хэцүү, мал нь үхээд гадна нь овоорчихсон байгаа. Малчид ч өөрсдөө ядарч “Өглөө хотондоо орохоос ч халширч байна” гэж ярьж байна лээ. Цаг агаарын гамшигт үзэгдэл нүүрлэсэн ийм цагт малчин түмнээ битгий буруутгаасай. Малгүй болсон малчид төв газар бараадах байдал ч нэмэгдэх нь байна.

Онцгой байдлын албаны хувьд ч дуудлага ихтэй. Машин явах ямар ч боломжгүй газар их байна. Цаашдаа ч байдал хүндрэх төлөвтэй. Тиймээс иргэд минь мэргэжлийн байгууллагын зөвлөмж, мэдээг харж замд гарч байгаач ээ. Хүмүүс “Зам ямар байна” гэж хэн нэг танилаасаа асууж байгаад хол, ойрын замд гарчих юм. Төв суурин газар цаг агаар тогтуухан ч аймгаас гараад дандаа шуургатай байгаа. Дуудлагаар ажиллахдаа бид ч иргэдтэй л адилхан зам туулж, цасанд суун барин явж очдог. Тэгэхэд л “Удаан ирлээ” гэж загнах хүн цөөнгүй таарах юм. Гэхдээ бидэнд шантрах эрх байхгүй. Ард олныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр нэг нь даарвал, нөгөө нь давхарласан хувцсаа тайлж өмсгөөд л хамтдаа зүтгэдэг юм шүү. Энэ дашрамд, үргэлж бие биесээ ойлгож дэмждэг хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье" гэсэн юм.

ДАШИНЧИЛЭН СУМ: Зудын улмаас 31 сурагч сургуульдаа очих боломжгүй болжээ
ДАШИНЧИЛЭН СУМ: Зудын улмаас 31 сурагч сургуульдаа очих боломжгүй болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.