"Фантастик" продакшны жүжигчин М.Баярбаттай тун удахгүй нээлтээ хийх гэж буй "ЗУРА III" Цэвэрлэгээ уран сайхны киноных нь талаар болон хуримын ёслолынх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авч буй танд болон танай хамд олонд халуун баяр хүргэе. Шинэ киноныхоо талаар ярилцлагаа эхэлье?
-Баярлалаа. Фантастик продакшны 2023 оны уран бүтээл "ЗУРА III" Цэвэрлэгээ уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 7-нд нээлтээ хийх гэж байна. Үзэгчидтэйгээ адилхан догдлол дүүрэн л хүлээж байна даа.
-Нууц биш бол та ямар дүр дээр ажиллав. Трейлер үзээд гол дүрүүдийн нэг юм байна гэж ойлгосон. "ЗУРА I, II" дээр яагаад тоглоогүй юм бол гэж сонирхож, киноны турш хайж, хүлээсэн хүмүүс олон байсан байх?
-"ЗУРА I" дээр би өөрөө байгаагүй. "ЗУРА II"-ын тухайд бол зургийн даргаар ажилласан. "ЗУРА III" уран сайхны киноны хувьд гол дүрүүдийн нэг болж, Тэнгис гэдэг гадаадад цэргийн сургууль төгссөн залуугийн дүрд тоглосон. Энэ дүр өөрөө олон жилийн өмнө цэргийн сургуулийг тусгай ажилтнаар төгссөн хүн учраас зэвсэг техникийг бүрэн эзэмшсэн байхыг надаас шаардаж байсан. Цэргийн хүн гэчихээд биеийн хөгжлийн хувьд дутуу аль эсвэл буугаа ч барьж чадахгүй байж болохгүй. Тийм учраас мэргэжлийн хүмүүсээс дасгал сургуулилалт болон тусгай хичээлүүдийг авч олон сар уйгагүй бэлдсэн. Сайн, муу ажилласныг хэлж мэдэхгүй байна. Өөрийнхөө хувьд маш их хичээж ажилласан. Нээлтийн дараа үзэгчид маань өөрсдийн дүгнэлтээ хийх болов уу.
ЗУРА гэдэг нь санскрит хэлээр ДАЙЧИН гэсэн утгатай. Тэнгисийн дүр бол ЗУРА гэдэг үгний утгад дүйцэх гэж хичээж, муу муухай, болж бүтэхгүй байгаа зүйлтэй хуулиас гадуур тэмцэж байгаа цэргийн сургууль төгссөн залуугийн дүр.
-НЭГДҮГЭЭР АНГИД ГАРДАГ ГАНЗОРИГ БУЮУ Б.ТАМИРЫН ДҮР, ГАЛЗУУ ГАНАА ГЭХ МЭТ ЗАРИМ ДҮРҮҮД ДАХИН ГАРЧ ИРЖ, ҮЙЛ ЯВДАЛД ОРОЛЦОНО-
-"ЗУРА III" нэг, хоёроосоо юугаараа ялгаатай вэ. Өмнөх үйл явдлууд үргэлжлэх үү?
-Хүмүүс эхний ангиудыг нь үзээгүй юм чинь ойлгохгүй байж магадгүй гэж бодож байгаа байх. Тийм асуудал байхгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Гэхдээ нэгдүгээр ангид гардаг Ганзориг буюу Б.Тамирын дүр, галзуу Ганаагийн дүр гэх мэт зарим дүрүүд дахин гарч ирж, үйл явдалд оролцоно. Өмнөх ангиудыг нь үзсэн хүмүүст танил дүрүүд нь ороод ирэхээр илүү сонирхолтой л байх болов уу гэж бодож байна.
-Ер нь хэдий хугацаанд бүтсэн кино вэ. Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бол?
-Зураг авалтын хугацааг кино хийгдсэн хугацаа гэж буруу ойлгодог хүмүүс бий. Бидний хувьд 2023 оны хоёрдугаар сараас эхлээд бараг жилийн хугацаанд зохиол болон бэлтгэл ажил дээрээ төвлөрч ажилласан. Бэлтгэл ажил хангагдсаны дараа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сараас зураг авалт албан ёсоор эхэлж, гурван сарын хугацаанд үргэлжилсэн.
-Фантастик продакшн байгуулагдсан цагаас хойш хийгдсэн бүх кино шинэ босго тогтоож, өндөр хүлээлт үүсгэдэг. Товчхондоо бол дараагийн удаа илүү сайныг хийх асар их хариуцлага ирдэг болов уу?
-Бид нар мэргэжлийн уран бүтээлчид учраас дэлхийн болон олон улсын стандартад хүргэхийн төлөө хичээж ажилладаг. Тиймдээ ч бид техник тоног төхөөрөмж дээрээ маш их ач холбогдол өгч, чанартай уран бүтээл гаргахыг чухалчилдаг. "ЗУРА I, II" дээр олон улсын стандартын дагуу камеруудыг оруулж ирж, зураг авалтаа хийж байсан. Харин энэ удаад олон улсын стандартад нийцсэн дуранг оруулж ирж, кино хийж үзлээ. Энэ болгон Монголын кино урлагийг нэг шат ч гэсэн ахиулахад бид нарын оруулж байгаа хувь нэмэр юм болов уу гэж боддог.
-Өмнө нь монгол кинонд ашиглагдаж байгаагүй дуран гэж ойлголоо. Стандарт дурангаас юугаараа ялгаатай юм. Үзэгчийн нүдээр харахад мэдрэгдэх болов уу?
-Яг энэ асуултад манай оператор Г. Гүенбаатар, найруулагч Б.Тамир нар илүү тодорхой хариулт өгөх байх. Миний хувьд төрсөн сэтгэгдэл гэвэл тэр линзээр авсан стандарт линзээр авсан хоёрын мэдрэмж өөр байсан. Би техникийн хүн биш болохоор үзэгчийн нүдээр л харж байгаа юм. Энэ мэдрэмжийг "ЗУРА III" уран сайхны киног үзсэн хүмүүс бас мэдрэх байх гэж бодож байна.
-37-Р ТОЧКА КИНОНЫ ХОЁРДУГААР БҮЛГИЙГ "ХИЙВЭЛ ТЭ" ГЭСЭН ЯРИА БИДНИЙ ДУНД ӨРНӨДӨГ Ч ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД БАЙХГҮЙ-
-"ЗУРА" төсөл IV, V гээд цааш нь үргэлжлэх үү?
-Бид нарын төлөвлөгөөнд бол байгаа. Гэхдээ бид нарт хийхээр төлөвлөж байгаа олон уран бүтээл байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Тухайн цаг үедээ тодорхой болоод явах байх.
-Маш нууц, 37-р точка гээд үргэлжлэх болов уу гэсэн хүлээлт үүсгэсэн олон кино байгаа. Цаашдын төлөвлөгөөнд бий юу?
-Маш нууц төсөл үргэлжлээд явах байх. 37-р точкаг үргэлжилнэ, үргэлжлэхгүй гэж хэлж чадахгүй байна. Одоогоор төлөвлөгөөнд байхгүй. Хааяа "Хийвэл тэ" гэсэн яриа бидний дунд өрнөдөг. Товчхондоо бол үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа гэж ойлгож болох байх.
-"37-р Точка" кинонд таны бүтээсэн Ялалтын дүр олон хүний сэтгэлд хоногшиж, өнөөг хүртэл яригдсаар байна. Энэ дүрээ эргэн дурсвал?
-Дүр бүтээсэн гэхэд хэцүү л дээ. Бид нар чинь залуу жүжигчид учраас дүрийг амилтал нь, хүний сэтгэлд хоногштол нь бүтээж чадахгүй л байгаа. Ер нь насаараа сурдаг гэж үнэн байх аа. Бид нар аль 2008 онд CИУС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч одоог хүртэл жүжигчин гэж яг ийм хүн юмаа гэдэг тодорхойлолтыг олж чадахгүй, олж мэдэхийн төлөө хичээж зүтгээд л ажиллаж байна. "37-р Точка" киноны Ялалтын дүрийн тухайд бүтээсэн гэхэд бас хэцүү л юм. Зүгээр тийм дүрд тоглосон гэж хэлье. Тэр дүр маань олон хүнд хоногшиж үлдэж байгаад маш их баяртай байдаг. Би сайн байсан гэхээсээ илүү тухайн уран бүтээл нь өөрөө хүмүүст их сайн хүрч байна гэсэн утга болов уу.
Бүтээсэн дүр гэдэг нь Тунгалаг тамирын Итгэлт баяны дүр шиг хүмүүсийн сэтгэлд хоногшоод, бүтээгдээд үлдчихсэн дүрийг хэлэх байх. Тийм л дүрийг ирээдүйдээ бүтээж үлдээхийн тулд хичээж ажиллаж байна.
-ФАНТАСТИКИЙН КИНОНУУД АЛЬ НЭГЭН НАМ, УЛС ТӨРТЭЙ ЯМАР Ч ХАМААРАЛГҮЙ. ЗҮГЭЭР Л УРАН САЙХНЫ КИНО-
-Фантастикийн кинонуудыг улс төртэй холбож, хэн нэгэнтэй хамаатуулсан шүүмжлэлүүд гардаг. "ЗУРА III"-ын трейлер цацагдахтай зэрэгцэн энэ яриа бас эрчийг авч байгаа харагдсан. Үүнийг яаж хүлээж авдаг вэ?
-Манай "Фантастик" продакшн бол мэргэжлийн уран бүтээлчид. Бид өөрсдийнхөө хүсэл, бодлоор уран сайхны кино л хийдэг. Түүнээс биш аль нэг нам, улстөрчийг муулж, сайлах үйл явц огт байдаггүй. Энэ бол зүгээр л уран сайхны кино, улс төртэй ямар ч холбоогүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. "ЗУРА III"-ын тухайд бол сонгуулийн өмнө гарч байгаа учраас бидний уран бүтээлийн хэлэх санаагаар дамжуулж, эсрэг хүмүүсээ миалах, өөртөө нааж өөрийгөө сайлах зэргээр сайн болон муу зорилгоор ашиглах гээд байгаа янз янзын хүмүүс байх шиг байна. Тиймээс дахин хэлье. Энэ бол зүгээр л уран сайхны кинонууд. Үзээд өөр өөрийн дүгнэлтээ хийнэ биз ээ.
-Үсээ хэр удаан ургуулчихав аа. Түүхэн кинонд зориулж ургуулсан гэж ойлгосон. Одоогоор түүхэн киноны сураг сонсогдоогүй л байна?
-Бараг 3-4 жил ургуулчихлаа. Одоохондоо ташаандаа бол хүрээгүй л байна. Түүхэн кино чинь яасан бэ гээд нэхээд л байгаа. Яг үнэндээ амжихгүй байна. Ер нь хийх үү гэвэл мэдээж хийнэ. Бэлтгэл ажлууд бол хийгдээд явж байгаа. Хэзээ зураг авалтдаа гарах нь одоохондоо тодорхойгүй байна.
-Үснийхээ хэргийг гаргах л юм байна?
-Тэр мэдээж. Түүнээс биш урт үсэнд дуртайдаа ургуулаад байдаг залуучууд биш шүү дээ. Мэргэжилдээ зориулаад ургуулж байгаа. Тун удахгүй нэг л өдөр түүхэн киноныхоо нэрийг хэлээд, трейлерээ цацаад үзэгчидтэйгээ уулзах байх аа.
-ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЙГЭЭ АЗ ЖАРГАЛТАЙГААР ХУРИМАА ЁСОЛЧХООД ИРСЭН. БУСАД ХҮМҮҮСИЙН ЮУ ГЭЖ ЯРИХ НЬ НАДАД ХАМААГҮЙ-
-Нэгэнт уулзсаных хуримын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Веьтнамд болсон ч Монгол даяараа л шуугих шиг боллоо. Тэгж шуугина гэж төсөөлж байв уу. Яаж хүлээж авсан бол?
-Хүмүүсийн REACTION гоё байсан. Бид хоёр чинь сошиалд зориулж хуримаа хийгээгүй учраас сошиалаар тэгж шуугина гэж огт төсөөлөөгүй. Би зүгээр хуримаа л хийхийг хүссэн. Хамгийн ойр дотны хайртай хүмүүстэйгээ хамт сайхан амраад, хуримаа ёсолчхоод ирсэн. Хүмүүс янз янзаар л ярьж байна лээ. Нам улс төрийн нэг залуу би мөнгийг нь аваад хуримаа гадаадад хийчихсэн юм шиг юм ярьсан байна лээ. Ний нуугүй хэлэхэд хүн яагаад хөдөлмөрлөж олсон цалингаа хаана, юунд зарцуулахаа бусдаар заалгах ёстой гэж. Бид нар улсдаа татвараа төлж, тайлангаа гаргаад явдаг албан ёсны байгууллага. Бусдын жишгээр цалинжаад ажилладаг. Тэгэхээр би яагаад авсан цалингаараа аз жаргалтайгаар гадаадад хуримаа хийж болохгүй гэж. Энэ үгийг би тэр залууд заавал хэлмээр байна.
Гэхдээ инэнх хүмүүсийн сэтгэгдэл маш гоё эерэг байсан гэдгийг хэлэх нь зөв байх. Маш олон хүн манай гэр бүлд аз жаргал хүссэн. Би маш их баярласан. Хамгийн гол зүйл маань хайртай хүмүүстэйгээ аз жаргалтайгаар хуримаа ёсолчхоод ирсэн. Бусад хүмүүсийн юу гэж ярих нь надад ямар ч хамаа байх вэ дээ гэж л бодож байна даа.
-Веьтнамд хуримлах сонголтыг яагаад хийсэн юм бол?
-Бид хоёр анх Монголдоо хуримаа хийнэ гэж бодож байсан. Хоорондоо ярилцаж байгаад "Ер нь яагаад хоёр ээжийгээ сайхан амраангаа гадаадад хуримаа ёсолчихоод ирж болохгүй гэж" гэдэг бодол төрсөн. Судлаад үзсэн чинь боломжтой санагдсан учраас хуримаа хийсэн. Өвлийн улиралд дулаахан газар хуримаа хийх гоё юм байна лээ.
-М.Баярбат олон охидын краш гэдэг нь хуримын ёслолын үеэр тодорхой болсон. Олон охиноор крашлуулж, монголын хамгийн гоё залуу, сайхан залуу гэж дуудуулах ямар байдаг бол. Яаж хүлээж авдаг вэ?
-Зүгээр л хөнгөхөн л хүлээж авдаг. Миний мэргэжилтэй л холбоотой байх гэж боддог. Тоглосон кино болон дүрүүд маань хүнд хүрсэн байна. Таалагдсан байна гэж л хардаг. Сайхан, муухайгийн тухайд бол би зурагтаар гардаг болохоор л тэгж байгаа болов уу. Зурагтаар гардаггүй сайхан залуучууд монголоор дүүрэн байна. Тэдгээр залуучууд надтай адилхан мэргэжилтэй олны нүдэнд ил байсан бол юун би шүү дээ. Тиймээс мэргэжилтэйгээ л холбож ойлгодог.
-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье.