УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ч.Ундрам нар өчигдөр Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр, жилийн 11, 12 хувьтай. Монгол Улсад зээлийн хүүг бууруулах чиглэлээр олон тогтоол шийдвэр гарч байсан. 2011 онд УИХ-ын тогтоол гарч, зээлийн хүүг бууруулах, 2014-2016 онд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тогтоол гарч байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20.5 хувьтай байсан зээлийн хүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 16.3 болж буурсан. Бидний авч буй арга хэмжээний хүрээнд дөрвөн жилийн хугацаанд жил бүр 1 хувиар буурах ингээд 2023 оны эцэс гэхэд сарын 1 хувийн хүүтэй байхаар тооцоолол гаргасан." гэлээ.
Түүнчлэн тэрээр “Банкууд тусгай гэрээ гэж хийж өндөр хадгаламжтай хүмүүсийг татдаг. Ийм хадгаламжтай улс дэлхийд их ховор байна. Зээлийн хүү, ялангуяа том дүнтэй хадгаламж эзэмшигчдийн хувьд гэрээ хийж, хадгаламж нь тухайн банкны зээлийн эх үүсвэр болон ашиглагддаг. Тийм учраас зээлийн хүүг тодорхой үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч болно гэж Монголын банкуудын холбоотой ярьж тохироод энэ асуудлыг тавьж байгаа” гэв.
Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хадгаламжийн хүү чөлөөт зах зээлийн зарчмаараа явна. Арилжааны банкуудад хэрэглэдэг тусгай нөхцөлтэй хадгаламжийг аль болох хязгаарлахад Монголбанк болон бид анхаарлаа төвлөрүүлнэ. Том системийн банкууд тусгай нөхцөлтэй хадгаламж авах нь багассан байх. Бусад банкууд хэвээрээ байх гэж бодож байна” гэж хэллээ.