Гурван жил үргэлжилсэн цар тахлын хатуу хорио дуусч Хятадын эдийн засагт сэргэлт ажиглагдаж эхэллээ. 2023 онд ажиглагдсан энэхүү сэргэлтийг 2024 онд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөр үргэлжүүлэхээр тэд шинэчлэл, реформоо эрчимжүүлж байна. Ар араасаа хөвөрсөн дэлхий дахины геополитикийн хямрал, зөрчил, дотоодод нь нүүрлээд буй олон асуудлуудтай нүүр тулсан Хятад улс 2023 онд эдийн засгаа 5.2% хүргэн өсгөж луу жилтэй золгож байна. 2024 онд Хятадын эдийн засаг ямар байх вэ? гэдэг дэлхийн нийтийн анхаарал татсан асуудал төдийгүй Монгол Улсын хувьд ч нэн чухал сэдэв билээ. Тэгвэл ХКН-ын төв хорооны эдийн засгийн ажлын хэсгийн хурлаар “Эдийн засгийн өсөлтийг хадгалахад тодорхой хүндрэл бэрхшээлүүдийг даван туулах шаардлагатай гэдгийг онцолжээ. Тодруулбал эдийн засгийн эрэлт хангалтүй, зарим секторт үйлдвэрлэлийн илүүдэл үүссэн, нийгмийн итгэцлэл муу, гадаад орчны тодорхойгүй байдал“ зэргийг онцлов. “Урд айлын” 2024 оны эдийн засгийг төлвийг тодорхойлоход дараах сэдвүүдийг хөндөхгүй орхиж болохгүй юм.
Хүн амын насжилт
Статистикаас харвал 2022 онд Хятадын нийт хүн ам 1.4 тэрбумд хүрсэн боловч энэ үзүүлэлт нь хүн амын өсөлт анх удаа буурсан буюу 2021 онтой харьцуулахад 850 мянган хүнээр буурсан үзүүлэлт юм. Тэгвэл ирэх жилүүдэд Хятадын хүн ам тогтмол буурах нь судлагаагаар нотлогджээ. Хятадын статистикын хорооны судалгаагаар хөдөлмөрийн насны хүн ам 2024 онд 2023 онтой харьцуулахад 7 сая орчим хүнээр буурах үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь цаашаа үргэлжлэнэ. Шинэ төрөлт буурсан насжилт өндөр болсон нь Хятадын дунд урт хугацааны эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө. Үүн дээр хүйсийн тэгш бус харьцаа, залуучууд ажил хийх хүсэлгүй болсон зэрэг хүн ам зүйн хувьд томоохон асуудлуудтай нүүр тулаад байна.
Орон нутгийн засгийн газрын өр
Хэдийгээр Хятадын засгийн газар орон нутгийн засгийн газрын өрийн асуудлыг барих бүрэн боломжтой гэж байгаа боловч нэгэнт улаан гэрэл асах хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрсөн. Хятадын сангийн яамны мэдээлснээр Ковидын нөлөөгөөр 2020 оны эцэс гэхэд орон нутгийн засгийн газрын өр дээд таазандаа тулсан.Орон нутгийн төсөв голчлон газрын төлбөрөөс бүрддэг бөгөөд 2022-2023 онд газрын төлбөрөөс орох орлого үлэмж хэмжээгээр буурснаас өрийн дарамтад орж. 2024 онд өрийн дарамтаас гарах хандлага ажиглагдахгүй байгаа аж.
Зарим секторт үүссэн үйлдвэрлэлийн илүүдэл
Сүүлийн хоёр жил орчим урд хөршийн үл хөдлөх хөрөнгийн салбар сайнгүй байгаа. Хэдийгээр 2023 онд засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих тодорхой бодлого явуулсан хэдий ч иргэдийн орлого буурсан, хөрөнгө оруулагчид тус салбарын ойрын ирээдүйд итгэх итгэл буурсан зэрэг нь барилгын компаниудыг мөнгөний хомсдолд оруулж, бэлэн орон сууцны илүүдэлд орж улмаар дээрх асуудлууд энэ салбарыг гинжин хэлхээн занганд оруулжээ. Мөн сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин, баттерей зэрэг технологийн салбарт замбараагүй үйлдвэрлэл явагдсанаар мөн адил үйлдвэрлэлийн илүүдэл үүсээд байна. Түүнээс гадна Европын холбооноос саяхан баталсан “Шинэ баттерейн хууль”-ын хэрэгжилт нь энэхүү салбарын экспортод нөлөөлж байгаа нь Хятадын эдийн засагт том цохилт болохоор байна.
Геополитикийн орчин
2024 онд буюу ойрын хугацаандаа дэлхийн хоёр том эдийн засаг Америк Хятадын харилцаа стратегийн хувьд тодорхой түвшинд ойлголцох хэдий ч урт хугацаандаа гүнзгий сорилттой учрах нь дамжиггүй. Хятад улс газрын тос, байгалийн хийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангадаггүй онцгой хэмжээгээр гаднаас хамааралтай учраас тус бүтээгдэхүүний үнийн савалгаа нь эдийн засагт нь нөлөөлдөг . Тэгвэл 2024 онд Орос Украйны дайн болон бусад дэлхийн геополитикийн асуудлууд хэрхэн өрнөхөөс хамаарч дээрх хоёр стратегийн онцгой ач холбогдолтой бүтээгдэхүүний үнэ ямар түвшинд байх вэ гэдэг нь Хятадын эдийн засгийн төлвийг таамаглахад нөлөөлнө. Судлаачдын таамаглаж байгаагаар 2024 онд нефтийн ханш 2023 онтой ойролцоо байна гэж таамаглаж байна. Мөн Израйл Палестиний зөрчил газрын тос үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж улмаар бүс нутгийн болон олон улсын гадаад худалдаанд том дарамт учруулж байгаа нь 2024 онд дэлхийн хэмжээнд инфляц өсөх, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл хадгалагдсаар байгааг харуулж байна.
Барууны бойкот
2022 онд АНУ-ын ерөнхийлөгч Байден “Чип болон шинжлэх ухааны хууль”-д гарын үсэг зурснаар Хятадын технологийн компаниудын хар жагсаалтад орж дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд АНУ монополь болсон. Улмаар 2023 онд АНУ -ын явуулж байгаа хориг арга хэмжээнд Япон, Недерланд улсууд нэгдсэн бөгөөд цаашид ч үргэлжлэнэ гэж судлаачид үзэж байна.
IMF тайланд хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийг 2023 оны 1.5%-аас 2024 онд 1.4% гэж бууруулсан бол хөгжиж буй орнуудыг тухайд 2023 оны 4.1%-аас 2024 онд 4% гэж төсөөлжээ.
Цар тахлын үргэлжилсэн эффект, Орос Украины дайн, Израйл Палестиний мөргөлдөөн, Иран, Пакистаны зөрчил, ойрхи дорнод дахь тогтворгүй байдал зэрэг нь олон улсын геополитикийн нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгоод зогсохгүй “даяаршлийн ухралт” гэх нэр томьёо хүчтэй яригдах боллоо. Улс орнуудын төв банк мөнгөний хатуу бодлогоо үргэлжүүлж, инфляци өндөр хэвээрээ хадгалагдах нь дэлхий худалдаа аж үйлдвэрийн томоохон тоглогч болох Хятад улсын эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй төлөвтэй байна
Эдийн засагч, ОУ-ын улс төр судлаач Э.Очбаяр