Өвлийг өнтэй давж, урин цагийг угтаж буйгаа тэмдэглэдэг, Монгол үндэстний уламжлалт сар шинийн баяр хаяанд ирлээ. Үндэсний өв уламжлал, соёл, ёс заншлаа хадгалах, түүгээр бахархах, аав, ээж, биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоогоо батжуулах, удам судраа мэдэх гээд олон сайхан ёс заншлыг өөртөө шингээдэг энэ баяр орчин цагт хэтэрхий их зардал өндөртэй баяр хэмээн "адлагдаж", хэлбэр төдий тэмдэглэн өнгөрүүлэх ёстой гэх хэвшмэл ойлголт хавтгайрчээ. Товчхондоо бол цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр залуус бид сар шинийн баяр, уламжлалд ач холбогдол өгөх нь багассаар...
Бидний багад хөгшин, залуу айл гэж талцаж, хуваагдалгүйгээр цагаан сард ижил тэнцүү ач холбогдол өгч, залуучууд нь эртлэн босч, ижий, аав, элгэн садандаа золгоод шинэ хуучрахаас өмнө гэртээ оруулж, дайлж цайлдаг байв.
Харамсалтай нь өнөөдөр залуучуудын дунд цагаан сарын баярыг зөвхөн айл хэсэх л үүрэгтэй баяр гэх өрөөсгөл ойлголт дэлгэрчихэж. Энэ нь манайд хүн ирдэггүй болохоор ширээ засдаггүй, бууз хийдэггүй гэх товчхон бөгөөд түгээмэл хариултаас тодорхой харагдана.
Зочилсон айлаасаа гарахдаа "Манайд ирж цай уугаарай" гэж хөөрөглөөд "Хэзээ ирэх боломжтой вэ" гэж асуудаг ёс өнөөдөр ч үргэлжилж байгаа хэдий ч залуучуудад төдийлөн үйлчилдэггүй. Гэрт нь орж дайлж, цайлуулж, бэлгээ авчихаад шууд л гараад явчихдаг.
Энэ бол цагаан сарын ёс уламжлал залуучуудаас алсарч, холдсоор байгаагийн хамгийн том илрэл.
Мэдээж бүгд ийм биш. Сар шинийн баярт ач холбогдол өгч, өргөн дэлгэр тэмдэглэдэг залуу гэр бүлүүд цөөнгүй бий. Тиймээс бид залуучууддаа үлгэрлэж, ёс уламжлалаа хадгалан өргөн дэлгэр цагаалдаг залуу гэр бүлийн төлөөллийг онцолж, ярилцахыг хүслээ.
Д.АЛТАНШАГАЙГИЙН ГЭР БҮЛ: ХЭДИЙГЭЭР ЗАЛУУ ГЭР БҮЛ Ч ГЭСЭН ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ҮЛГЭРЛЭЖ, ЗААЖ СУРГАСАН ЁС УЛАМЖЛАЛЫГ ТЭР ХЭВЭЭР НЬ ХҮҮДЭЭ ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭХИЙН ТУЛД ЦАГААН САР-Д АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ, ЭЛБЭГ ДЭЛБЭГ ШИРЭЭ ЗАСААД, ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭДЭГ
"Аав ээжийнхээ үлгэрлэж, өвлүүлж өгсөн цагаан сар тэмдэглэх зан үйл, ёс уламжлалыг яг тэр хэвээр нь хүүдээ өвлүүлж, үлдээхийн тулд сар шинийн баярт бусад баяраас илүү ач холбогдол өгч, өргөн дэлгэр тэмдэглэдэг" хэмээн бахархалтайгаар ярих энэ гэл бүл бол Д.Алтаншагайгийнх.
Улаанбаатар хотод амьдарч буй залуу гэр бүлийн төлөөлөл. Март, цэргийн баяр гэх мэт ач холбогдол багатай баяруудыг алгасаж, цагаан сарын баярт өндөр ач холбогдол өгдөг хэмээн ярих залуу хосууд гэр бүл зохиож, өрх тусгаарлаад найман жилийг үджээ. Айл болсон цагаасаа эхлэн цагаан сарын баярыг ёс уламжлалынх нь дагуу тэмдэглэн өнгөрүүлж, ах дүү, хамаатан саднаа дайлж цайлаад сургачихсан учраас шинийн 3-наас эхлээд хүний хөл тасардаггүй гэнэ.
Тэр ч утгаараа өөсрдийн боломжоороо идээ шүүсээ бэлтгэж, баярын бэлтгэлээ базаадаг байна. Биднийг ярилцлага авахаар гэрт нь очиход гэр бүлийн гишүүдээс гадна дотны найз нь ирчихсэн цагаан сарын буузаа хийж байлаа. Ажил ихтэй завгүй учраас ажлаа тарж ирээд буузаа хийж буй нь энэ аж.
Гурил тасалж, элдэгчийн үүргийг гэргий М.Цэрэннадмид гүйцэтгэж, гэрийн эзэн Д.Алтаншагай түүний найз Б.Пүрэвдорж нар буузаа чимхэнэ. Харин гэрийн "босс" А.Нэгүүн буузаа өрж, тоолох үүргийг гүйцэтгэнэ. Бууз ажиллагаатай холбоотой хууч ярианууд өрнөж, гар, ам нь зэрэг ажилласаар дуусах шатандаа оржээ.
"ЦАГААН САРЫГ ЗАРДАЛ ӨНДӨРТЭЙ ГЭЧИХЭЭД ШИНЭ ЖИЛ, ВАЛЕНТИН, МАРТ-8 ГЭХ МЭТ АЧ ХОЛБОГДОЛ БАГАТАЙ БАЯРУУДАД ХЭТ ИХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГ БАЙЖ БОЛОХГҮЙ"
Бид гэрийн эзэн Д.Алтаншагайгаас цагаан сарын баярт хэр ач холбогдол өгдгийг тодруулан асуухад, "Орчин үеийн залуусын дунд цагаан сарыг зардал өндөртэй баяр гэж үзээд хийхгүй, тэмдэглэхгүй өнгөрүүлэх хандлага ажиглагдах болсон. Гэтэл үндэсний гэх тодотголтой хоёрхон баяр бидэнд бий. Энэ баярууддаа сэтгэл гаргаад, зочдоо дайлж, цайлах идээ шүүсээ бэлтгээд боломжийнхоо хэрээр тэмдэглээд сурчих хэрэгтэй гэж боддог. Цагаан сар болохоор л зардал өндөртэй, боломж, бололцоо байхгүй, тэмдэглэхгүй гэдэг хэрнээ шинэ жил, валентин, март-8 гэх мэт ач холбогдол багатай баяруудад хэт их ач холбогдол өгдөг байж болохгүй. Хэзээ ч өртөг зардлуудыг нь тооцож үздэггүй байх жишээтэй байдаг. Манай гэр бүлийн тухайд бол эсрэгээрээ цэргийн баяр, март-8-ныг тэмдэглээгүй 4 жилийг үдэж байна. Үндэсний уламжлалт баяр, тэр дундаа цагаан сарын баярт өндөр ач холбогдол өгдөг. Бусдын адил буузаа хийхээс эхлээд идээ, шүүсээ бэлтгэх, эртлэн босч ёсоо гүйцэтгээд ижий, аав элгэн садандаа золгох, эргээд дуудаж гэртээ цай уулгах гээд бүх ёсыг гүйцэлдүүлдэг" гэлээ.
Харин гэргий М.Цэрэннадмид "Ээж, аавынхаа үлгэрлэсэн ёс уламжлалыг тэр хэвээр нь үргэлжлүүлж, хүүдээ өвлүүлэн үлдээхийг зорьдог учраас цагаан сарын баярт бусад баяраас илүү ач холбогдол өгч өргөн дэлгэр тэмдэглэхийг хичээдэг" хэмээн бахархалтайгаар ярьсан юм.
Биднийг ийн ярилцах зуур бууз ажиллагаа дуусч, амталгааны цаг эхлэв. Энэ жил Д.Алтаншагайгийнх ойролцоогоор 500 гаруй бууз чимхжээ. Зорин ирсэн ахан дүүсээ дайлж, цайлахад хангалттай хүрэлцэхүйц гэж үзсэн учир сэтгэл өндөр байгаа нь илт. Хамгийн том ажлынхаа ард гарчихлаа хэмээн биесээ урамшуулж, дараагийн ажлуудаа нэг бүрчлэн төлөвлөн ярилцах нь цагаан сарын баярт хэр ач холбогдол өгдгийг нь бэлхэн гэрчилнэ.
Үе тэнгийнхэндээ үлгэр дууриалал болсон ийм нэгэн залуу хосынд зочилж, амттай яриа өрнүүллээ.
Ёс уламжлал алсарч, цагаан сарын баярыг төвөгшөөх хандлага ажиглагдах болсон энэ цаг үед ийм л залуус өнгө нэмж, бага ч болов гэрэл түгээн оршиж байна.