Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮЧИРХИЙЛЭЛ: “Хоногт 100 гаруй хүүхэд, гэр бүл ХҮЧИРХИЙЛЭЛД өртөж байна“ гэх мэдээлэлд бид дассаар байх уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 45 секунд

Хаалга түк, түк балбана. Харин зүрх лүк, лүк цохилно. Гаднаас хэн нэгэн бахирсан хоолойгоор хашхирхад гэр доторх хүн бүхэн айдаст автаж, архи сэнгэнүүлсэн тэр хүнийг иржээ хэмээн халаглана.

Бор дарсанд толгойгоо мэдүүлчихээд багтаж ядсан уур омгоо гартаа зангидчихаад, хайртай хүмүүстээ "АГСАМ" тавихаар хаалга балбаж буй нь энэ. "Өөр хүн байгаасай, өнөөдөр л биш шүү" хэмээн атгахан зүрхэндээ гуниг тээн бурханд хэд хэдэн удаа хүслээ шивнэх ч харамсалтай нь энэ хүсэл биелэлээ үл олж, "Өнөөдөр л энэ бүхэн дуусаасай, өөр хэзээ ч битгий давтагдаасай" гэх өрөвдөлтэй хүслээр солигдоно.

Энэ бол өнөөгийн манай нийгэмд буй хамгийн бараан өнгө. Хүн бүхний нүдэнд харагдахгүй ч хөөрхий хэн нэгний нүдэнд доголон нулимстай нь хамт далдхан нуугдаж байж мэднэ. Өчигдөр л гэхэд Цагдаагийн байгууллагад хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 100 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэх харамсалтай бас халагламаар тоон мэдээ дуулдав.

Гэвч бид аль хэдийнээ энэ мэт тоонд дасаж, харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг дүлий дүмбэ царайлаад л бусдын асуудал надад хамаагүй хэмээн суух болж. Бүр ийм асуудалд аль хэдийнээ дасчхаж.

Гэтэл үнэн хэрэгтээ яг энэ 100 айлын цаана хэчнээн хүүхэд бурханд залбирч, хэчнээн эхнэр нулимсаа барж, хэчнээн ээж цээжээ урж, хэчнээн аавын сэтгэл үймэрсэн бол. Үүнийг хэн ч таашгүй. Өнөөдөр бас хэдэн ч хүн энэ мэдрэмжийг мэдрэхийг бурхан ч мэдэж чадахгүй. Гагцхүү өнөөдөр бас маргааш бүр түүнээс ч цааш нэг хүүхэд ч гэсэн бүтэн нойртой хонож, нэг ч эхнэрийн нүднээс нулимс бүү урсаасай.

Хүчирхийлэл, хүчирхийлэл, хүчирхийлэл.

Нэг л язгууртай нийгмийн эмзэг энэ асуудал аль хэдийнээ олон төрөл зүйлтэй болчихжээ. Хүүхдийн, гэр бүлийн, сэтгэл санааны, бие махбодын, бэлгийн гээд тоочвол тоолоод барахгүй нь. Бас нэг хүчирхийллийн цаана нөгөөх нь ч шимэгчилж байх нь бий. Яг үүний жишээ бол хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл. Энэ хүчирхийллийн цаана бие махбод, сэтгэл санаа магадгүй бэлгийн хүчирхийлэл ч нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү бидэнд л мэдэгдэхгүй байгаа хэрэг.

Угтаа хүн хэмээх амьтны бусад амьтдаас ялгарах шинж бол оюун ухаан, ухамсар. Харамсалтай нь хүчирхийлэл үйлчдэгчид ухамсраас илүү уурыг, ухаанаас илүү бор дарсыг шүтдэг тул архинд хамаг буруугаа чихчихээд бяцхан үрс, хайртай гэргийдээ агсам тавьдаг гэхэд буруудахгүй. Харин үүний эсрэг хүн бүр тэмцдэг байх л хэрэгтэй. Яриад өнгөрдөг биш асуудалд нухацтай хандаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид дахин боломж л олгохгүй байх нь чухал. Тийм ч учраас бид ийм асуудалд дасах ёсгүй. Харин хамгаалагч байх ёстой.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.