Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Зүүнсалаа-Халдварт“ чиглэлийг хааснаар, Халдварт орчмын иргэд ХОЁР буудал алхаж, автобусанд сууж байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 9 секунд

Бид энэхүү сурвалжилгаа Баянзүрх дүүргийн 14, 42-р хорооны иргэдийн мэдээллийн дагуу бэлтгэлээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн чиглэлүүдийг шинэчилсэн. Улмаар иргэд багагүй бухимдсаны үндсэн дээр хуучин үйлчилж байсан чиглэлүүдээс 71-ийг нь сэргээсэн.

Тэгвэл Ч:3 буюу “Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг” чиглэлийг сэргээж өгөхгүй байгаад тухайн хоёр хорооны иргэд төдийгүй, Нарантуул ОУХТ-өөр үйлчлүүлж буй иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Хоёрдугаар сарын 1-ний 13:00 цаг

Манай сурвалжлах багийг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн урд байрлах эцсийн буудал дээр очход, 10 орчим хүн байсан бөгөөд бусад нь дараагийн зогсоол буюу Баянзүрх их дэлгүүрийн дэргэдэх автобусны буудал руу алхаж байв. Байдлыг ажиглавал, хотын төв рүү дөхөхийн тулд тэр аж.

ИРГЭД: Зүүнсалааны чиглэл явахгүй байх юм. Тийшээ өчнөөн айл байгаа шүү дээ

Бидэнтэй таарсан эхний иргэнээс тодруулахад “Автобус үнэхээр цөөн байна. Аягүй их хүлээлгэж байгаа. Зарим чиглэлүүд бараг явахгүй байна лээ. Зүүнсалааны чиглэл явахгүй байх юм. Тийшээ өчнөөн айл байгаа шүү дээ. Энд өмнө нь автобус тасралтгүй ирдэг байсан. Яагаад ингээд байгааг ойлгохгүй байна” гэсэн юм.

Дараа нь таарсан ахмад настан “Би Таван шар орно. Урьд нь Зүүнсалаанд суугаад оччихдог байсан чинь тэр чиглэл байхгүй болсон. Бараг өдөржин л автобусны буудал дээр зогсож байна. Одоо энд ирж байгаа автобусанд суугаад л бага багаар дөхнө дөө” гэж байлаа.

Иргэдээс тодруулж байх үед “Цагаандаваа-Халдварт” чиглэлийн автобус ирэв. Тухайн автобусны жолоочоос тодруулбал “Зүүнсалааны чиглэл явахаа больсон болохоор “Төв замаараа баруун тийшээ явах автобус алга” гэсэн санал хүсэлтүүдийг хэлж л байна лээ. Ерөнхийдөө, иргэд бухимдалтай байна. 5 шар, 21-р хороолол гээд явдаг байсан болохоор тэр байх. Зүүнсалааны чиглэл явахаа больсноор манай чиглэлийн ачаалал эрс нэмэгдсэн” гэв.

Бид үргэлжлүүлэн, дараагийн зогсоол болох Баянзүрх их дэлгүүрийг зорив. Тэнд автобус хүлээх иргэдийн бөөгнөрөл их байлаа. Тэдгээрийн дунд баруун тийшээ болон хотын төв рүү явах иргэд цөөнгүй байв. Тодруулбал,

Ганцхан Ч:51 буюу “3,4-р хороолол-Дүнжингарав” чиглэл л баруун зүг рүү эргэж, хотын төвөөр дайран өнгөрөх аж.

Иргэдээс энэ талаар тодруулахад, “Зүүнсалааны чиглэл байхгүй болсноос хойш хэцүү байна шүү дээ. Хэдэн номерын автобус ирэх юм бол гээд хүлээгээд л байдаг. Ямар автобус явж байгаагаа ч мэдэхгүй. 13-р хорооллоос ганцхан Ч:51 ирж байна.

Тэр нь үнэхээр хүрэлцээ муутай, хүн их чихээд дэлбэрэх гэж байна лээ шүү дээ. Ялангуяа, Бөхийн өргөөгөөс улсууд чихээд, аймаар байгаа.

Хуучнаар нь явуулаад, тоог нь нэмж өгөөч гэж хэлмээр байна” гэсэн бол дараагийн иргэн “Автобус хүлээж, даарахаас эхлээд хэцүү. Чиглэлээ буцаагаад зөв болговол сайн байна. Аль чиглэлд яаж дамжиж суухаа мэдэхгүй бүтэн цаг автобус хүлээлээ.

Бидэнтэй таарсан дараагийн иргэн “Өмнө нь 3 номер явдаг байсан нь больсон. Гайхаад л зогсож байна. Өдөр шөнөгүй явдаг байсан чиглэл. Манайх Цагаанхуаран хотхонд амьдардаг. Тэндээс хүүхдээ чирээд, хаа байсан СХД хүрдэг. Баруун тийшээ явах ганц ч автобусгүй болсон, үнэхээр хэцүү байна. Одоо СХД орохын тулд 4 удаа дамжиж байгаа. Гурван номерыг явуулж өгдөггүй л юм байх даа. Нийтийн тээврийн газарт саналаа хэлсэн. Ер нь утсаа авдаггүй юм байна лээ” гэв.

Мөн нэгэн ахмад настан “Төв зам руу орох автобус хүлээж байна. Чиглэл шинэчилснээс хойш автобус хүлээх хугацаа ихэссэн. Ирж өгөхгүй, цөөхөн байна. Хүйтэнд хүмүүс даараад, хэцүү байна шүү дээ. Шинэчлэл хийхдээ 2-3 минут хүлээх юм яриад байсан. Тийм зүйл алга” гэсэн юм.

Бид энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээлэл авах гэсэн боловч “Хариуцсан мэргэжилтэн нь чөлөөтэй байгаа” гэх шалтгаанаар тайлбар өгөх хүн олдсонгүй.

Цагаан сарын өмнө хэдэн хөгшид чинь Нарантуул руу л ирж, юмаа авдаг. Яг тэр үед нь ийм юм хийж байгаа байхгүй юу

Үргэлжлүүлэн, иргэдийн байр суурийг тодруулахад, ахмад настай иргэн “Зүүнсалаа явахаа больсон болохоор Ч:41, Ч:49-ийг хүлээж байна. Хотын баруун зүг рүү явахын тулд түмэн дамжиж байгаа. Зүүнсалаа ганц хэрэгтэй байсан чиглэлийг минь алга болгосон.

Эндээс төв замаар явъя гэхээр 2 номерын Шаргаморьт ч алга байна. Ганц Ч:51-тэй. Тэр нь мөд ирэхгүй.

Цагаан сарын өмнө хэдэн хөгшид чинь Нарантуул руу л ирж, юмаа авдаг. Яг тэр үед нь ийм юм хийж байгаа байхгүй юу. Тэгээд хэдэн хөгшид нь автобусаа олохгүй, будилна. Аягүй хэцүү. Зүүнсалааг явуулж өгөөч л гэж хэлмээр байна” гэлээ.

Баянзүрх их дэлгүүрийн буудал дээр 20 гаруй минут зогссоны эцэст Ч:51 чиглэлийн автобус нь ирэв. Зогсож байсан хүмүүсийн дийлэнх нь тухайн автобус руу гүйлдлээ.

Дээрх чиглэлд үйлчилдэг “Трансбус” ХХК-ийн жолоочоос асуухад, “Зүүнсалаа, Шаргаморьт аль аль нь явахаа больсон. Ганц эргэж байгаа нь манайх болохоор ачаалал дийлдэхгүй байна. Иргэд хуучнаар нь явуулаасай гэж их ярьж байна. Тэгэхгүй бол эд нар чинь гадаа аягүй их хүлээж байгаа юм чинь” гэв.

Сурвалжилгынхаа хүрээнд Халдвартын эмнэлэг хэсгийн бүсэд харьяалагддаг БЗД-ийн 42-р хорооны Засаг дарга С.Батцэцэгтэй утсаар холбогдож, тодрууллаа.

-Танай хорооны иргэдийн зүгээс “Зүүнсалаа-Халдвартын эмнэлэг” чиглэлийг хааснаас болж, багагүй хүндрэл учирч байгаа гэж байна л даа. Хорооны Засаг даргын хувьд та ямар арга хэмжээ авч байна. Холбогдох газруудад нь мэдэгдэв үү?

-Нийтийн тээврийн газарт “Ч:3 чиглэлийг сэргээж өгөөч ээ” гээд албан бичгээ явуулсан байгаа. Манай хороо нь өөрөө сургуульгүй учраас хүүхдүүд дандаа өөр дүүрэг, хороодын сургуульд явдаг. Чиглэл хаагдсанаас болж, хүүхэд төдийгүй томчууд 13-р хороолол хүртэл алхах болчихоод байгаа юм. Богино эргэлтээр ч дамжих боломжгүй.

Тиймээс Нийтийн тээврийн газар руу иргэдээ, ажилчдаа уриалж холбогдоод, дээрх чиглэл нь сэргээгдэхгүй л байгаад байна.

-Иргэдийн зүгээс энэ асуудлаар хороондоо хэр хандаж байна вэ?

-Энэ чиглэлийг сэргээж өгөөч гэсэн гомдол бичгээр болон цахимаар маш их ирж байгаа. Хорооны иргэдийн групп дээрх сэтгэгдлүүдийг тоолоход 1000-аад байна.

-Зүүнсалааны чиглэл явдаг байхдаа энэ орчмын ачааллыг хэр үүрдэг байсан юм бол?

-Эцэс дээрээсээ л дүүрдэг байсан. Сайн ч явдаг байсан. Одоо бол эцэс дээрээс тийм зүйл байхгүй болсон байгаа биз дээ. Ачааллыг маш их хөнгөлдөг байсан. Хотын төв рүү, баруун зүг рүү ажил, хичээлдээ явдаг хүмүүс “Аягүй сайн чиглэл байсныг байхгүй болгочихлоо” гэх сэтгэгдлийг маш их илэрхийлж байна. Угаасаа Зүүн 4 зам руу алхахаас өөр сонголтгүй болчхоод байна л даа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

UBN сайт энэ асуудал хэрхэн шийдэгдсэн болон явц ямар байгааг нэхэн сурвалжлах болно.

ЦЕГ: 18-20 насны залуус 2 эмэгтэй хүүхдийн гар утсыг дээрэмдээд зугтсан байсныг илрүүлж, мөрдөн шалгаж байна
ЦЕГ: 18-20 насны залуус 2 эмэгтэй хүүхдийн гар утсыг дээрэмдээд зугтсан байсныг илрүүлж, мөрдөн шалгаж байна
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.