Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 589 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 985 дугаар магадлалтай С.Батдөл нарын 7 хүнд холбогдох дээрх хэргийг хянан хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүх бүрэлдэхүүнд ирүүлжээ. Тодруулбал, шүүгдэгч С.Батдөлийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирж амжаагүй тул шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байна.
Сануулахад, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, нийтийн албан тушаалтан хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн эх үүсвэрийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргээр анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял оноосон. Гэвч тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд давж заалдах шатны шүүх хурал болж, түүний ялаас 2 жилийг хасаж, 10 жил болгон бууруулсан байдаг.