Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Эрхэмбаатар: Харилцаа холбоо, технологийн салбарт төрийн оролцоог хамгийн бага түвшинд барих ёстой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
23 минут 40 секунд

Манай улс мэдээлэл технологийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд нэлээдгүй "хүч" хаяж буй. Энэ үүднээсээ тус салбарын "Үндсэн хууль" болсон Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг салбар яамнаас боловсруулаад байна. Эл хуулийн төслийн хүрээнд ямар өөрчлөлтүүд орж байгаа болон түүнийг дагасан үр нөлөөллийн талаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.

-Цаг хугацаатай уралдах шахуу хөгжиж буй салбар бол харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар. Бие даасан хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулаад байгаа юм байна. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэн тэргүүний хэрэгцээ шаардлага юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Аливаа хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага байгаа эсэх нь санааны зоргоор гардаг зүйл биш. Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангуулж, хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх судалгааг бид хийсэн. Харилцаа холбооны тухай хууль 1995 онд анх батлагдаж, 2001 онд шинэчилсэн найруулга орсон байдаг. Үүнээс хойш 23 жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт ороогүй. Эргээд хуулийн тодорхой зохицуулалтууд нь харилцаа холбоо, технологийн салбарын хурдацтай өөрчлөлт, хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Зарим нэг заалтууд зорилтдоо хүрч, эерэг үр дүнг авч ирсэн. Огт хэрэгжээгүй заалтууд ч бий.

Хоёрдугаарт, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН байгууллагууд байгаа. Тухайн байгууллагууд тусгай зөвшөөрөлд заагдсан нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зохицуулах хорооноос хариуцлага хүлээлгэх, тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг маш олон төрлийн харилцаанд оролцдог. Энэ харилцаанд оролцож байх явцад зарим хууль тогтоомжийг шинэчлэх шаардлагатай, бусад хуулиудтайгаа зөрчилддөг зэрэг асуудлууд гардаг. Энэ бүх байдал нь хэвийн үйл ажиллагаагаа явуулахад саадтай байна. Газрын тухай хуулийн зарим заалтууд салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэдэг зүйлийг салбарын ААН, байгуулагуудаас хэлдэг. Энэ чиглэлд санаа бодлыг нь судлах зорилготойгоор яамнаас хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Мөн Дэлхийн харилцаа холбооны байгууллагын зүгээс гишүүн улс орнууддаа тав дахь үеийн шинэ зохицуулалт эрх зүйн орчныг бий болгохыг зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн зохицуулалтын арга хэлбэртэй, үр ашигтай, хараат бус бие даасан байдал нь хангагдсан эрх зүйн орчныг бий болгож байж ирээдүйд харилцаа холбоо, технологийн бизнесийн хэрэглэгчдийн хэрэглээг хангах, шинэ технологийг нэвтрүүлэх, түүнд орсон хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгоход дэмжлэг болно гэж үздэг. Тиймээс ЦХХХЯ-ны зүгээс тав дахь үеийн цоо шинэ зохицуулалтыг бий болгох зорилт тавьж, хуулийн төслийг боловсруулаад олон нийтэд хэлэлцүүлж байна.

-Хуулийн төсөл дээр нээлттэй санал авч буй юм билээ. Ер нь хэлэлцүүлэг, танилцуулгын шатанд иргэд болоод энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн зүгээс ямар асуудлыг хөндөж байсан бэ?

-Хууль тогтоомжийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт салбарын ТББ байгууллагууд болоод мэргэжилтнүүд, компаниудыг урьж оролцуулсан. Түүнчлэн харьцуулсан судалгааг хийсэн байгаа. Стони, Турк, Солонгос зэрэг хөгжсөн улсуудын туршлагыг судалж үзсэн. Иргэд болон ААН-үүдээс дараах хэд хэдэн саналууд гарч байгаа. Нэгдүгээрт, компаниудын зүгээс дэд бүтцээ шийдээд шилэн кабелаа татаад харилцаа холбооны бааз станцуудыг байгуулж хэрэглэгчдэд үйлчилгээ хүргэе гэхээр үндсэн суурь асуудлууд байна гэж байгаа юм. Тухайлбал, газраар шилэн кабелийг тавихад тухайн газрыг эзэмшлийн асуудалд орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд харилцан адилгүй нөхцөл тавьж байна. Зарим газар дуудлага худалдаагаар олгогдож байна. Дуудлага худалдаагаар орохоор тухайн шилэн кабелаас илүү өндөр өртөгтэй газар болж таардаг. Энэ нь үйлчилгээний өртөгт нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, тэнд өндөр өртгөөр кабель тавигдвал иргэдэд очих үйлчилгээний өртөг ч нэмэгдэнэ. Эцсийн дүндээ иргэдийн л халааснаас гардаг учраас газар олголттой холбоотой эрх зүйн орчныг тодорхой болгож өгөх шаардлагыг тавьж байна. Барилга байгууламж, хот байгуулалт тал дээр томоохон асуудал бий болдог. Шинээр баригдаж буй барилга байгууламжийн цэвэр, бохир усны шугамын төлөвлөлт хийгддэг боловч харилцаа холбооны сүлжээ орох сувагчлал төлөвлөлтөд ордоггүй. Нэгэнт тусахгүй байгаа учраас оршин суугчдад дараагийн түвшний үйлчилгээг хүргэе гэхээр хүргэж чаддаггүй.

Салбарын нэгдсэн шаардлага, норм нормативыг батлахад салбарын мэргэшсэн боловсон хүчний оролцоо дутмаг байгаагаас үүдээд боловсронгуй болохгүй байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Энэ бүх зүйл нь эцэстээ салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж буй юм. Иргэдийн зүгээс хямд өртөгтэй, хүртээмжтэй, хурдтай үйлчилгээг л авья гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид одоогийн байдлаар энэ жилдээ багтаад бүх суурин газруудыг шилэн кабелиар холбоно. Хэрэглэгчдэд харилцаа холбооны үйлчилгээ хүргэж буй байдал нь 98 хувьтай байгаа. Малын бэлчээр дээрээс иргэн Дондог, Дорж хэн ч гар утсаараа дамжуулаад бүх төрлийн төрийн, бизнесийн үйлчилгээ авах, дэлхий өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй холбогдоно гэдэг нь суурь дэд бүтцийн хүртээмжтэй байдалд очиж чадсаны үр дүнд тухайн үйлчилгээг авч чадаж буй зүйл билээ. Тэгэхээр бид энэ хүртээмжийг нэмэх чиглэлд бүх нийтийн үүрийн сангийн санхүүжилтийг яаж уялдуулж, төр хувийн хэвшилтэй хамтарч дэд бүтцийг хөгжүүлэх вэ гэдэг чиглэлд анхаарч байна.

-Таны сая дурдсан тодорхой хэд хэдэн өөрчлөлтүүдийг шинэчилсэн найруулгын төсөлдөө бүгдийг тусгаад байгаа юу. Аль эсвэл зарим асуудал дээр дагалдах хууль тогтоомж болоод яамд хоорондын уялдаа холбоотойгоор ажиллах чиглэлд саналаа хүргүүлэх юм уу?

-Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. Салбар хоорондын уялдаа холбоог хангана гэдэг бол манай яамны гол хүлээж буй үүрэг. Тэгэхээр бид төрийн бодлогод салбарын эрх ашгаа тусгах, салбар хоорондын уялдааг хангах хүрээнд Газрын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах зохих төслийг боловсруулаад байна. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрлийн хугацааг таван жил байхаар тусгасан. Гэтэл манай салбарын зөвшөөрлийг аваад үйл ажиллагаагаа явуулж буй компаниуд хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэхүйц хөрөнгө оруулалтыг хийж ажилладаг.

Тэгэхээр тавхан жилийн тусгай зөвшөөрөлтэй компанид гаднын хөрөнгө оруулалтын компани өндөр хэмжээний өртөгтэй хөрөнгө оруулалтыг хийхэд эрсдэлтэй. Тиймээс бид урьд байсан хуулийн хугацааг нэмэгдүүлж, 15 жилээр тусгай зөвшөөрлийг олгох шинэ концепц хуулийн төсөлд тусгагдаад байгаа. Ингэж чадсанаар тогтвортой хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгоно гэсэн үг шүү дээ.

-Иргэдийн аюулгүй байдалтай холбоотой агуулга багтсан байх шиг байсан?

-Орон сууцны дээгүүр маш олон кабелийн утас, антенн тавьчихсан тохиолдлуудтай бид байнга шахуу таардаг. Антенн байна гэдэг нь тэнд өндөр хүчдэл, радио долгион байна гэсэн үг. Радио долгион өндөр хүчдэлд тухайн орон сууцны оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл байна уу гэдгийг шалгаж тогтоох ёстой. Тэгвэл үүнийг хэн тогтоох юм, ямар тохиолдолд зөвшөөрч ямар тохиолдолд зөвшөөрөхгүй вэ гэдгийг илтгэх зохицуулалт өнөөдөр байхгүй байна. Тэгэхээр бид

Орон сууцны тухай хуульд зохих өөрчлөлтийг төлөвлөөд хэрвээ радио давтамжийг хүний биед хортой бол хориглох, хориглох эсэхийг хэн тогтоохыг тодорхой болгох зохицуулалтыг оруулж өгч байгаа. Бид уялдаа холбоог хангах чиглэлд ажиллаж байна.

Манай салбарын бас нэг тулгамдсан асуудал нь мэргэшсэн боловсон хүчингүй болчихсон байгаа. Тиймээс бид яамтай болсны хувьд харилцаа холбоо болоод мэдээлэл технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх бодлогыг батлах боломжийг бий болгох гэж байна. Сургалтын хөтөлбөр агуулгыг тодорхойлоод ямар шаардлагыг хангасан хүнд ямар зэрэг олгох вэ гэдэг журмыг батлах эрх зүйн орчныг бий болгоно. Ингэснээр боловсон хүчнээ бэлтгэдэг, үнэлдэг, гадагшаа зах зээлд гарахад ажиллах боломжтой болно.

-Харилцаа холбоо, технологийн салбарт төрийн оролцоог хамгийн бага түвшинд барих ёстой-

-Өнгөрсөн хугацаанд технологийн салбар төрийн оролцоогүйгээр хөгжиж чадсан. Төр, хэвийн хэвшлийн хамтын ажиллагаа байж болох ч гэлээ нөгөө талдаа төр юу хийх вэ, ямар бодлогоор дэмжих вэ гэдгээ л тодорхой болгож зааг тогтоох ёстой юм шиг санагддаг. Төрийн оролцоо талаас ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Харилцаа холбооны салбарын өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн амжилтын нэг үндэс нь төрийн оролцоо бага байсантай холбоотой. Хоёрдугаарт, өрсөлдөх орчин нь бүрдэж чадсаны үр дүн. Төрийн оролцоо хамгийн бага түвшинд байх ёстой. Эргээд төр оролцохдоо Зохицуулах хороо буюу бие даасан институцийн тохируулгаар явдаг зохицуулалттай зах зээл цаашид хадгалагдаад явах ёстой. Улс төрөөс хараат бус ажиллах нөхцлийг бүрдүүлж чадвал энэ салбарт ажиллаж байгаа ААН-үүдэд эерэгээр нөлөөлнө. Жишээлбэл, улс төрөөс хамааралгүй байхын тулд яах вэ. Ерөнхий сайд энэ хорооны гишүүдийг томилдог. Энэ бол улс төрийн албан тушаалтан. Гэхдээ олон улсын зохицуулах хорооны жишиг энэ чиглэлд явж байгаа. Тэгвэл бид нэр дэвшигч нар нь мэргэжлийн байх, улс төрийн албан тушаалтан нэр дэвшихийг хориглоно гэдэг заалт оруулж өгч байгаа. Мөн хувийн хэвшлийн оролцоог хангах үүднээс МҮХАҮТ-ын хоёр нэр дэвшигчийг нэр дэвшүүлэх боломжийг бий болгож байна. Мөн нэр дэвшигч бүрд тавигдах шаардлагыг чангатгаж байгаа. Зөвхөн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбартаа ажилласан байх буюу ажилласан жилийн шаардлагыг нэмэгдүүлж өгнө. Ингэснээр яг мэргэжлийн хүмүүс нь тухайн үүссэн асуудлыг, шаардлагатай арга механизмыг тодорхойлохдоо оновчтойгоор тодорхойлж чаддаг, хөндлөнгийн байх ёстой л гэж байгаа юм.

Бас нэг том оролцогч байгаа. Хувийн хэвшлүүд нь эргээд Зохицуулах хороондоо нөлөөлдөг, Зохицуулах хороонд ажиллаж байгаад тусгай зөвшөөрөл авсан ААН рүү яваад орчихдог ашиг сонирхлын зөрчилтэй боловсон хүчний томилгоо хийгдэж байсан муу туршлагууд хэд хэд байна. Тиймээс бидний зүгээс Нийтийн албанд нийтийн болон албаны ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үндсэн концепцд нийцүүлээд хэрвээ та Зохицуулах хорооны гишүүнээр ажилласан бол хоёр жилийн хугацаанд салбарт байгаа тусгай зөвшөөрөл эзэмших компанид ямар нэгэн байдлаар харилцан хамааралтай байж болохгүй гэдэг хязгаарлалтыг тогтоож өгч байгаа. Ямар нэгэн бизнесийн төдийгүй улс төрийн ашиг сонирхолгүй, мэргэшсэн байгууллага болоход дэмжлэг үзүүлэх байдлаар зохицуулалт тусгаж байгаа. Зохицуулах хорооны бас нэг чухал пункц бол ажлын аппарат нь бие даасан хараат бус, эдийн засгийн хувьд бэхжсэн байх ёстой. Тэгэхээр бил ажлын аппаратын хараат бус бие даасан ажиллах нөхцлийг хангах үүднээс ажлын албан даргыг нь Зохицуулах хорооны хурлаар томилдог байх өөрчлөлтийг оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, даргаасаа ч үл хамаарч ажиллах боломж бололцоог бий болгож өгнө гэж үзэж байгаа. Энэ зохицуулалтыг олон улсад ч ашигладаг.

-Тэгвэл технологийн салбар дахь зах зээл нь хэр чөлөөт байна гэж хардаг вэ?

-Манай харилцаа холбоо, шилэн кабелийн суурь дэд бүтэц гэдэг бол бусад салбар хөгжих үндэс. Бид интернет оруулахын тулд шилэн кабель тавиад, бүх сүлжээг барьж байгуулаад хэдэн ч километрт очих боломжтой болж байна, тийм үү. Тэнд интернет очсоноор бүх ААН байгууллагууд интернэтээр дамжуулаад өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулж байна. Мэдээллээ солилцож байна. Төр хүртэл И Монголоор дамжуулаад төрийн үйлчилгээгээ хүргэдэг болсон. Бусад салбар хөгжих үндэс болдгийн хувьд энэ дэд бүтцийн асуудалтай төр бодлогоор дэмжиж оролцох ёстой л гэж би хардаг. Төр суурь дэд бүтцийн өртгийг бууруулах, хүртээмжтэй байлгах боломжийг бий болгох ёстой. Мөн энэ удаагийн өөрчлөлтөөр ирээдүйд ямар сорилтууд бий болох вэ гэдэг асуудлыг харж байгаа. Жишээлбэл, өнгөрөгч 2023 онд хиймэл дагуулаас интернетийн үйлчилгээ авах тусгай зөвшөөрлийг Старлинк компанид олгосон. Монгол Улс даяар интернет авах бололцоог нээж чадсан. Ингэснээр интернетийн өртгийг гурав дахин бууруулсан. Одоогоор Старлинкийн төлбөр 280 орчим мянган төгрөг байна. 280 мянган төгрөгөөр авсан интернетийг 50 орчим хэрэглэгч хэрэглэх бололцоотой болчихсон. Гэтэл саяхан тухайн компани маань харилцаа холбооны үүрэн телефон компаниудын адилаар үйл ажиллагаа явуулах бололцоотой болсон. Үүний зэрэгцээ сансраас авах боломжтой болсон.

Технологи ийм л хурдацтай хөгжиж байна. Нөгөө талдаа монголын ашиг сонирхол байна. Хөрөнгө оруулалтыг нь хамгаалах, даах ёстой. Үр ашигтай үйл ажиллагаа явуулах, шударга өрсөлдөөн бий болгох ёстой. Тэгэхээр ирээдүйд бид технологийн хөгжил ямар сорилтыг бий болгох вэ гэдгийг бид тооцооллыг өнөөдөр хийж, хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлага үүсэж буй юм.

-Хувийн хэвшил гэж ярьсных асууя гэж бодлоо. Сүүлийн өдрүүдэд хөрөнгө оруулалт гэж их яригдаж байна л даа. Өнгөрсөн хугацаанд бид уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт татаж ирсэн нь үнэн. Цаашид бид технологийн салбараараа хөрөнгө оруулалт татах боломж бололцоо бий юу. Эргээд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад энэ хуулийн өөрчлөлт ямар давуу талыг бий болгох вэ?

-Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улсын экспортын хувьд хамгийн ирээдүйтэй байж болох салбарыг ашигт малтмалаас гадна технологийн салбар гэж дүгнэсэн. Тиймээс технологид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлд цаашид ажиллана. Технологийн салбар интернетийн хурд, хүртээмжтэй байдал, өртөг, дэд бүтцийн хүртээмжтэй байдал зэргээс шууд хамаарч хөгждөг салбар. Технологийн компаниудын хөгжлийг хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогыг бид технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль гээд дахин ажлын хэсэг гараад тусдаа ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бид технологид суурилсан үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих вэ, экспортод хэрхэн гаргах вэ, компаниудад хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, түүнийг нь яаж хамгаалах вэ зэрэг асуудлыг анхаарч үзнэ. Манай яамны зүгээс цахим хөгжлийг дэмжих үүднээс бүх технологийн компаниудыг үйлдвэрлэлийн чадахийг нэмэгдүүлэх суурь дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг хариуцаад явж байгаа. Мөн 5G технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь бусад төрлийн бизнесийн дэд бүтцийг бий болгож байна. Цаашид дараа дараагийн технологийн бизнесийг бий болгох боломжууд гарч ирнэ.

-Бид өндөр хурдны 5G технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна-

-Олон нийтийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа зүйл бол олон нийтийн цахим сүлжээнд хувь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг тусгах асуудал. Хязгаарлахгүй байх агуулга. Хамгийн сүүлд л гэхэд Zarig.mn сайтыг хаасантай холбоотойгоор олон нийтийн мэдээлэл авах эрхэд халдлаа гэдэг байдлаар шүүмжлэл гарсан шүү дээ. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд өөрчлөлт орж ирж байгаа юу?

-Одоогоос яг нэг жилийн өмнө манай яамнаас боловсруулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хэлэлцэгдээд батлагдсан боловч Ерөнхийлөгч хориг тавьж хүчингүй болсон. Энэ хууль юуг зорьсон юм бэ гэж. Үүнийг ярихаас өмнө бидний өмнө ямар асуудал тулгамдаад байна вэ гэдгийг ярих нь зөв. Олон нийтийн сүлжээ гэдэг бол эрүүл, аюулгүй, эрсдэлгүй орчин биш. Эсрэгээрээ эрүүл бус, аюултай, эрсдэлтэй орчин. Гэхдээ энэ орон зайд бид аюулгүй байдлаа хангаж чадвал мэдээллээ аюулгүй солилцдог, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, илэрхийлсэн үзэл бодол нь хамгаалагддаг нөхцлийг бий болгож байх ёстой. Дэлхийн улс орнууд олон нийтийн сүлжээнээс дамжиж орж ирж байгаа худал хуурмаг мэдээллийг зориуд түгээж байгаа нөлөөллөөс яаж иргэд, улс орноо хамгаалах вэ гэдэгт тусгайлан бодлого гарган ажиллаж байна.

Монгол Улсад 2.8 сая орчим фэйсбүүк хэрэглэгч байна. Үүнээс ойролцоогоор нэг сая орчим нь хэн эзэмшиж байгаа нь үл мэдэгдэх хаягнууд байна. Ийм хаяг байна гэдэг бол янз бүрийн хэлбэрээр хууль бус зүйлд ашиглагддаг.

Жишээлбэл, олон нийтийн цахим сүлжээг ашиглан үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ 2019 онд 19 тэрбум байсан бол 2023 оны сүүлд 83 тэрбум төгрөг болж эрс өссөн. Өөрөөр хэлбэл тэр орон зайд сэтгүүлч, хэвлэл мэдээлэл, мэдээлэл авах гэсэн иргэн нөгөө талд залилагч нар бүгд оршиж байгаа. Тусгай албадууд ч үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Тэгвэл Дорж, Дулмаа гэсэн хуурамч хаягийн цаана тусгай албадууд байгаад зохион байгуулалттайгаар ташаа, сөрөг үр дагавар үүсгэхүйц мэдээллийн урсгалаар довтолбол яаж хамгаалах вэ гэдэг нь нь ямар ч зохицуулалтгүй байна гэсэн үг. Хэрэглэгчдийн судалгаагаар 60 хувь нь олон нийтийн сүлжээн дээр явж байгаа мэдээллийг үнэн гэж үздэг. Гэтэл Стонид олон нийтийн сүлжээний хэрэглээ нь тогтсон улсуудад 90 орчим хувь нь цахим сүлжээнд явж буй мэдээллийг эх сурвалж гэж үздэггүй байх жишээтэй. Дайны олон төрлийн хэлбэр бий. Мэдээллийн дайн маш ноцтой. Энэ эрсдлийг бууруулах зохицуулалтыг бид хийх ёстой. Тэд яаж иргэдийг буруу мэдээллээр хангаж, төрийн үйл ажиллагааг буруугаар ойлгуулах вэ гэдэг урсгал явж л байдаг. Энд хэдэн улс төрчид л хоорондоо нэгнээ хараар будаад байгаа зүйл биш. Тэгвэл энэ удаагийн Харилцаа холбооны тухай хуульд энэ чиглэлийн өөрчлөлт ороогүй.

-Иргэнд ач холбогдолгүй хууль гэж байхгүй шүү дээ. Тэгвэл Харилцаа холбооны тухай хуульд оруулахаар бэлдсэн агуулгуудыг том зургаар нь аваад үзэхэд иргэдийн амьдралд ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаас нь ярихгүй юу?

-Гар утас, интернет сүлжээ ашиглах бүртээ бид Харилцаа холбооны хуулийн үр дүнг хүртэж байгаа. Бид тав дахь үеийн зохицуулалтыг бий болгож чадвал илүү хурдтай, дэлхийн технологийн боломжоос үр дүн хүртэж чадна. Бид 5G технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ бол өндөр хурдыг гаргадаг технологи. Гэхдээ энэ технологи өндөр өртөгтэй. ААН-үүдэд дэмжлэг хэрэгтэй. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өртгийг бууруулах шаардлага байна. Энэ талаас нь төр дэмжих ёстой. Ингэж чадвал таны утсанд 5G технологийг нэвтрүүлэх боломжтой.

Ярилцсанд баярлалаа

СУРВАЛЖИЛГА: Тэтгэврийн зээлээ хөөцөлдсөн ч зээлтэй байна гээд өгсөнгүй. Гэхдээ ямар ч байсан ШИНЭЛНЭ дээ
СУРВАЛЖИЛГА: Тэтгэврийн зээлээ хөөцөлдсөн ч зээлтэй байна гээд өгсөнгүй. Гэхдээ ямар ч байсан ШИНЭЛНЭ дээ
 
Олимпын эрхийн төлөөх хагас шигшээд Монгол улсын шигшээ баг Нидерландын багт ялагдлаа
Олимпын эрхийн төлөөх хагас шигшээд Монгол улсын шигшээ баг Нидерландын багт ялагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.