Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зээл, буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнууд төлбөрөө ӨӨРСДӨӨ ХАРИУЦНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 43 секунд


Түлхүүр мэдээлэл:

  • Оюутны хөгжлийн зээл, Оюутны буцалтгүй тусламжийн 2020 оны санхүүжилт батлагдаагүй.
  • Оюутны хөгжлийн зээл, Буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнууд намрын улирлын сургалтын төлбөрөө өөрсдөө хариуцна. 
  • Их, дээд сургуулиудад санхүүжилт шилжсэн тохиолдолд оюутнуудын төлсөн төлбөрийг нөхөн олгоно. 

Өчигдөр /2020.08.17/-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Уг асуудалтай холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээл, Оюутны буцалтгүй тусламжийн энэ оны санхүүжилт одоог хүртэл орж ирээгүй байгаа ажээ.

Үүнээс үүдэж Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээл болон Оюутны буцалтгүй тусламжаар суралцдаг их, дээд сургуулийн оюутнууд 2020-2021 оны хичээлийн намрын улирлын сургалтын төлбөрийг өөрсдөө төлөх нөхцөл байдалд хүрчээ.

Тогтсон жишгээр Оюутны хөгжлийн зээл болон Буцалтгүй тусламжийн дараа улирлын материалыг өндөрлөж буй улирлын төгсгөлд хүлээн авдаг аж. Гэвч энэ жилийн хувьд дээрх асуудалтай холбоотойгоор Оюутны хөгжлийн материалыг өнөөдрөөс авч эхэлсэн байна. Гэвч их, дээд сургуулиуд зөвхөн уг ажлын бэлтгэл ажилтай холбогдуулан зээлийн материалыг хүлээн авч байгаа юм. Тиймээс санхүүжилт орж ирсэн цагт л тухайн материалыг албан ёсоор хүлээн авсанд тооцно. 

Тиймээс 2020-2021 оны хичээлийн жилийн намрын улирлын сургалтын төлбөрөө оюутнууд өөрсдөө төлөх буюу хариуцах шаардлагатай болсон бөгөөд санхүүжилт орж ирсэн үед нь их, дээд сургуулиараа дамжуулан эргүүлэн авах ажээ. 

Бид энэ талаар Боловсролын зээлийн сангийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад "УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэж буйтай холбоотойгоор энэ жилийн санхүүжилт орж ирээгүй. 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд суралцсан 1-3-р түвшинд суралцаж буй оюутнуудын санхүүжилт ч мөн адил ороогүй. Их, дээд сургуулиудад шилжээгүй байна. 

Манай сан нь иргэнтэй хувийн дансаар харилцдаггүй тул оюутнууд одоо эхлэх гэж буй улирлын төлбөрөө төлсөн тохиолдолд сургуулиас нь буцаан олгох боломжтой.

Төсвийн тодотголтоор санхүүжилт тодорхой болсны дараа их, дээд сургуулиудад квот тогтооно." гэв.

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн асуудлаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн өчигдөр /2020.08.17/ УИХ-ын чуулганд оролцох үеэрээ дараах тайлбарыг өгсөн.

Тэрбээр "2020-2021 оны хичээлийн жилийн байдлаар их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн. Гэхдээ 2-4-р түвшний оюутнуудын сургалтын төлбөр  нэмэгдээгүй. 

Харин нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд зарим онцлог хөтөлбөрүүдэд судлах хичээлээсээ хамааран кредитийн тоо нэмэгдсэн. 

Сургалтын төлбөрийг тушаахдаа 100 хувь төлөх биш уян хатан хандах талаар их, дээд сургуулиудад мөн чиглэл өгсөн" гэсэн. 

Гэвч зарим их, дээд сургуулиуд төлбөрийг 100 хувь оюутнаас авсан тохиолдолд хичээл сонгох боломжийг олгодог. Иймээс зээлийн санхүүжилтийн орж ирээгүйгээс үүдэж Оюутны хөгжлийн зээл, Оюутны буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнууд хичээл эхлэхээс өмнө 10 гаруй хоногийн хугацаанд сургалтын төлбөрөө төлөх шаардлага бий болжээ.

Асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас харьяа байгууллагуудаас өгч буй чиглэл амьдрал дээр буухгүй байгаад олон оюутан бухимдалтай байгаагаа илэрхийлсээр байна. 

Дэвсгэр мэдээлэл: 

Боловсролын зээлийн сан нь 2017 оноос хойш Оюутны хөгжлийн зээлээр дамжуулан дотоодын их дээд сургуульд суралцагч 32580 оюутны 42 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн санхүүжилт олгосон байна. 

Оюутны буцалтгүй тусламжийн тухайд: 

  • 1995 оноос хойш  Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын 76146 /давхардсан тоогоор/ суралцагчдад 77.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж;
  • 1993-2016 он хүртэл Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын 169641 /давхардсан тоогоор/ суралцагчдад 39.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл;
  • 2000-2017 он хүртэл Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын 218230 /давхардсан тоогоор/ суралцагчдад 68.5 тэрбум төгрөгийн төрийн албан хаагчдын нэг суралцагчийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгосон байна.

Б.ЛХАГВАЦЭРЭН

Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуультай хамтран ажиллана
Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуультай хамтран ажиллана
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.