Өчигдөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам үерт автсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Үүнтэй холбоотойгоор “Таван толгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал:
“Тавантолгой төмөр зам” ХХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтад захиалагчийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ тус чиглэлийн төмөр замын ажлын чанарын хяналтыг хариуцан ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалт захиалагчийн шаардлагыг хангаж хэвийн, тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд төмөр замын суурь утас үерийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ зун зургаан удаагийн бороо орж төслийн талбай 3 удаа усанд автсан. Говийн үер усны асуудал жилдээ тодорхой хугацаанд гарч ирдэг. Байгалийн энэ хүчийг хэн ч зогсоож чадахгүй. Бид үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд түр хугацааны төмөр замын үе угсарч хоёр хос хоолой тавьж бага хэмжээний усыг урсгаж байсан, харин усны хэмжээ нэмэгдэхэд үед даланг албаар сэтэлж усыг урсгасан” гэв.
Харин төмөр замын гүйцэтгэлийн тухайд
“Таван толгой”- “Зүүнбаян” төслийн ухмалын ажил 99,6 хувьтай, далангын ажил 99,3 хувьтай, суурин үе буюу хамгийн дээд тод түвшний үе 93 хувьтай үндсэндээ доод түвшний ажил дуусах шатандаа явж байна. Бид өнгөрсөн оны 8 дугаар сараас ажлаа жигдрүүлээд 11 дүгээр сарын 17 хүртэл гуравхан сарын хугацаанд 50 км ажиллаад орхисон. Доод бүтцийн үндсэн гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штабын бүтээн байгуулалтын газар ажилладаг. Үлдсэн 350км-ийн замыг хийх ажлыг 3 сарын нэгнээс эхлүүлсэн. Энэ бол Монгол улсын түүхэнд маш хурдан баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажил юм” гэлээ.
Л Дэлгэрмаа