ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран зохион байгуулж байна.
Уг хуулийг хэрэгжүүлснээр:
- 2021 оноос 1-5 дугаар анги,
- 2022 оноос дунд анги,
- 2023 оноос ахлах ангийн сурагчдад үдийн хоолоор үйлчлэх аж.
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хоолзүйн салбарын профессор Г.Энхтайван:
“Манай улсад 1990-ээд оноос хүүхдийн хоолны дэглэм алдагдсан. Энэ нь өнөөгийн хүн амын өвчлөлийн нэг шалтгаан болоод байна. Дэлхийн 190-ээд орон сургуулийн хүүхдийн хоолны хуультай. Хожуу ч гэсэн манай улс ирээдүйгээ хайрласан чухал хуультай боллоо. Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал 10-15 жилийн дараа эрүүл саруул биетэй залуусын үе бий болно. Хоол хүнсэндээ шинжлэх ухааны үндэслэлтэй, норм, стандарттай хандах ёстой. Олон хүний, тэр дундаа хүүхдийн хоол хийнэ гэдэг гэр гэртээ хоол хийдэгтэй огт адилгүй. Хүүхдийн өсөлт, хөгжилтийн хэрэгцээ, шаардлагыг хангах хоолыг сургуулийн тогооч хийж сурах ёстой” гэж тус сургалтын ач холбогдлыг тодотгож байна.
Сургалт 2020 оны наймдугаар сарын 17-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай явагдах бөгөөд нийслэлийн сургуулиудын 25 тогоочийг хамруулан хоол хүнсний илчлэгт чанар, хүүхдийн хоолны цэс зохиох, хүүхдийн хоол бэлтгэх технологийн онцлог, хоолны илчлэг тооцох аргачлал, түүхий эд бүтээгдэхүүний чанар, хүлээн авах, хадгалалт тээвэрлэлтэд тавигдах шаардлага зэрэг онолын болон практик дадлагыг хослуулан явагдана.
Эх сурвалж: БШУЯ