Сөрөг хүчин улс төрийн ажлаа сайн хийж дараагийн сонгуульд ялалт байгуулах, үгүйдээ л барьцаа ахиулах нь УИХ дахь намын бүлгийн дарга, бүлгийн үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Эрх баригч намын үйл ажиллагаанд улс төрийн санал дүгнэлт хийх, мэдээлэл авах, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих зэргээр төрд төлөөлж байгаа хамгийн том байгууллага нь намын бүлэг юм.
Өнгөрөгч УИХ-д АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат ажиллаж байсан нь нийгэмд төдийлөн сайн имиж харуулж чадаагүй, улмаар Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа гарч одсоноор бүлэг нь тарсан түүхтэй. Түүнээс өмнө 2012-2016 онд УИХ-дахь сөрөг хүчин буюу МАН-ын бүлэг анхандаа Н.Энхболдыг ажиллуулж байгаад “сэлгээ” хийж С.Бямбацогтыг сонгосон. С.Бямбацогтын тод чанга дуу хоолой, улс төрийн санал дүгнэлтүүд нийгэмд сөрөг хүчний дуу хоолойг сайн хүргэж улмаар МАН ялалт байгуулахад хувь нэмрээ оруулсан. АН-ын хувьд ч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг бүлгийн даргаар ажиллаж байгаад 2012 онд хамгийн олон суудал авч чадсан түүхтэй. МАН-ын хувьд бүлгийн даргаар ажиллаж байсан хүмүүсээс 2 нь Монгол Улсын Ерөнхийлөгч, 3 нь УИХ-ын дарга, 2 нь Ерөнхий сайд болж байсан гээд бодохоор бүлгийн дарга гэж ямар чухал ранктай албан тушаал болох нь харагдана.
Гэтэл сөрөг хүчний бүлгийн дарга нэг л биш, гунигийн юмаа гэж сэтгүүлчид, улс төрчид хоорондоо шивэр авир хийх болжээ. Өчигдөр нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлттэй холбогдуулж АН-ын бүлгээс мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр олон нийтэд “Бидон” хочоор алдаршаад байгаа АН-ын бүлгийн дарга Д.Ганбат эв хавгүй учир зүй нь олдохгүй хэдэн зүйл ярьчихаад алга болов.
Түүний мэдэгдэлд “төсвийн тодотголыг үнэнд гүйцэгдэж хийж байна, төсвийн тодотголыг хэлэлцэхдээ олон нийтийн санаа бодлыг өөр тийш чиглүүлэхийн тулд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг эрх баригчид оруулж байна” гэв. Цаашлаад ард иргэдийн амьдрал ахуй хүнд байгааг дурдаад, гадаадаас орж ирсэн хандив хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна гэж логик холбоогүй зүйл ярьж явснаа гэнэт Ерөнхийлөгч хориг тавьж байгааг дуулгав.
Асуудлаа хэлэлцэж эхлээчгүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгааг тэр яаж мэдэв? Гэж нэг хэсэг нь гайхсан бол түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дохиураар хөдөлдөг “хүүхэлдэй” маягийн хүн гэдгээ нотоллоо гэж улс төрийн хүрээнийхэн гайхаж орхив. Чухам яг ямар асуудал дээр яаж хориг тавьж байгаа талаар тодорхой ойлгомжтой зүйл ярьсангүй. Харин сэтгүүлчид “гуниг юм даа” гэж хоорондоо ярилцсаар бүлгийн мэдээлэл нь тэгс хийгээд өндөрлөв.
АН өнөөдөр байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, бүхэлдээ Ерөнхийлөгчийн гарт орсон гэдэгтээ маргах хүн үгүй. Р.Гончигдорж, Батж.Батбаяр, С.Ламбаа, Ц.Элбэгдорж зэрэг лидерүүд нь байхад ямар хүчтэй сөрөг хүчин байлаа? Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр гээд залуучууд ямар сайн үндэслэл тооцоотой, логик сайтай, тод дуу хоолой болдог байлаа. Гэтэл өнөөдөр АН-ыг сайн сөрөг хүчин байлгаж ирсэн хуучны хэд нь тойргоос гарч, орон шоронд явах нь явж, булан шахуулах нь шахуулж оронд нь барилгын цэргийн бага дарга мэтийн Ерөнхийлөгчийн дохио заавраар хөдөлдөг хүүхэлдэйнүүд суудал дүүргэжээ. Тавилан юм даа бас гуниг юм даа.