УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрээр:
"Өнөөдрийн төсвийн тодотгол Ковид 19-ийн төсөв юм уу, Сонгуулийн төсөв юм уу гэж гишүүд маргаж байна. Би энэ асуудал дээр маргаангүй хариулъя. Энэ бол сонгуулийн төсөв, түүнийг тодотгох тухай өнөөдөр ярьж байна. Энэ төсөв өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлагдсан. Тухайн үед Ковидийн сураг ч байгаагүй.
Тэр үед би Ч.Хүрэлбаатар сайдад хандаж хэдэн үг хэлсэн. Энэ төсөв сонгуулийн төсөв болчихлоо. Ялангуяа хуучин хийгдэж байсан 500-гаад объектийг үргэлжлүүлж, 900 объектийг шинээр барина гэж төсөв хийдэг чинь хэтэрч байгаа юм биш үү! гэж сануулсан. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар сайд хүний үг сонсдоггүй юм шиг байна лээ.
Өнөөдрийн төсвийн тодотгол бол Ковид 19-ийнх биш шүү.
УИХ нэг алдаа хийсэн. Тэр нь Ковидийн хууль гэж батлаад Засгийн газарт эрх мэдэл өгчихсөн нь УИХ өөрөө автоматаар өөрийнхөө эрхээс татгалзсан хэрэг. Энэ бол Монголын төрийн эрх мэдэл хуваарилалтыг ноцтой зөрчсөн. Түүгээр нь далимдуулж ЗГ дураараа дургисан" гэлээ.