Экологийн Цагдаагийн албанаас хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө сумын нутагт хяналт шалгалт зохион байгуулжээ.
Шалгалтаар илэрсэн хэрэг зөрчлийн талаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анура:
- Дархан-Уул аймгийн Дархан сум 4-р багт оршин суух иргэн Б нь энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлсэн. Улмаар 230 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авч, экскаватор 3, ковш, алт угаах төхөөрөмж тус бүр нэгийг битүүмжилсэн.
- “Үзүүр сайхам" нөхөрлөл нь энэ оны наймдугаар сарын 11-ний өдөр тус сумын 2-р баг "Могойн гол" гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн экскаваторын нэг ширхэг компютерийг эд мөрийн баримтаар хураан авч, ковш, алт угаах төхөөрөмж тус бүр нэгийг битүүмжилсэн.
- Тус сум 2-р баг "Мягмарын ам" гэх газарт тус сумын 2-р багт оршин суух У, Ө, М, Ч нар нь бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон дөрвөн үйлдлийг илрүүлэн экскаватор зургаа, зил-131 автомашин тав, алт угаах төхөөрөмж дөрвийг битүүмжилсэн.
- Мөн тус сум 2-р баг Харганат" гэх газарт тус сумын 2-р багт оршин суух Т, Ц нар нь бусадтай булэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон 2 үйлдлийг илрүүлэн экскаватор хоёр, ковш нэг, алт угаах төхөөрөмж хоёр, дизель нэг, усны насос нэгийг битүүмжлэн гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.
Үүнээс гадна Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид ууланд нуусан техник, хэрэгслүүдийг илрүүлж, бүрэн буулган, буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэхээр ажиллаж байгаа юм байна.
Мөн тухайн алба хаагчид ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт ажиллаж, хууль бусаар олборлосон 6,063.48 гр алт, 154.4 грамм мөнгөн ус, бэлнээр таван сая төгрөгийг хураан авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.