УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг цааш хэлэлцэх эсэхийг санал хураалтаар тодорхой болгоно. Сануулахад, өнгөрсөн баасан гарагт /2024.01.05/ санал хураах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учраас санал хураалтыг ийнхүү хойшлуулсан юм.
Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Уг нь тухайн үед санал хураах бүрэн боломжтой байсан. Гэвч хоёр гишүүн картаа сугалснаас болж ирц бүрдээгүй. Өнөөдрийн байдлаар УИХ 72 гишүүнтэй учраас 37 гишүүн байгаа тохиолдолд санал хураах боломж бүрдэнэ. Ирцгүй болгочхоод, акц хийж өнөөдрийн байдалд ирсэн гэдгийг хэлье.
Манай намын дарга энэ хуулийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Миний хувьд Засгийн газрын хоёр гишүүн кабинетаас өөр байр суурь илэрхийлж байгааг гайхаж байна. Хариуцлага тооцох саналаа Ерөнхий сайдад болон бусад хүмүүст илэрхийлсэн.
Өнөөдөр /2024.01.11/ гишүүд ямар санал өгөхийг би хэлж мэдэхгүй. Сошиалаар болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж хөгийн аргаар намайг харлуулж, гүтгэж байна. Бүхэл бүтэн МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын гарын үсэгтэй бичиг УИХ-д очсон байгаа энэ үед намын гишүүдийн баримтлах байр суурь нь ойлгомжтой байх болов уу гэж бодож байгаа" гэсэн юм.