Зургийн эх сурвалж: President.mn
Корона вирус эдийн засгийг хүнд байдалд оруулж байгаа бол зарим зүйлд боломж олгож байна. Учир нь энэ жил коронагаас болоод эх үрсийн баяраар олгодог “Эхийн алдар” одонг гардуулалгүй өнөөг хүрсэн. Тэгвэл үүнийг Ерөнхийлөгч тун овжиноор харж, сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж эхэллээ.
Өмнө одонг цөөн хүмүүсийг ордонд урьж гардуулаад бусдыг нь орон нутагт илгээдэг байсан. Харин энэ жил Ерөнхийлөгч бүх аймаг, дүүргээр явж “Эхийн алдар” одонг хүртсэн эхчүүдэд гардуулж өгч байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын вэбсайтад мэдээлснээр энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677 эх авчээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлж буйгаар бол “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон” гэж онцолжээ. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга 10.677 эхэд өөрийн биеэр гардуулна гэсэн үг. Эхчүүд Ерөнхийлөгчөөс одон гардан авсан зургаа хоймортоо бурхантайгаа ижилсүүлэн зална. Ингээд Х.Баттулга 10.677 айлын хойморт залрах мэргэн алга олсон гэсэн үг.
Бас 10.677 айлд Ерөнхийлөгч шагнал гардуулсан баяр хөөр болж, хөдөөд гол усаар нэг яриа хөөрөө болно. Хотод хажуу хөрш, найз нөхөд нь сонин болгон ярина. Энэ хэрээрээ Х.Баттулгын рейтинг өснө. Х.Баттулга Ерөнхийлөгч ийм бодлогоо хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн хэд хоногт Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт очиж одон гардуулсан бол энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын ээжүүдийг ордонд урьж жагсааж байгаад “Эхийн алдар”-аа энгэрт нь гялалзууллаа.
Урьд өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ингэж өргөн хүрээнд тухайн жилд одон авсан эхчүүдэд нэг бүрчлэн гардуулж байсангүй. Энэ жишигийг Х.Баттулга эвдэж одон авсан эхчүүдэд “үе шаттайгаар” гардуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ингэж ирэх жилийн сонгуульд өөрийнхөө бэлтгэлийг тун нягт хангаж байгаа бол өрсөлдөгч МАН налайх болов. Тэд хэнийг дэвшүүлэх вэ гэхээсээ илүү бууж өгөх тактик барьж байгаа гэж өнгөрсөн хугацаанд хангалттай бичигдсэн. Тэр зөгнөл биелэлээ олох бололтой. Их ялалтынхаа найр, албан тушаалын гомдол хоёртоо хавтгайрч байна.
МАН-аас У.Хүрэлсүхээс өөр хүн нэр дэвшээд ялна гэхэд бараг л боломжгүй. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгаа тэргүүлж ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлэх сонголтыг хийж байгаа гэж мэдээлэх болсон. Ингэвэл 100 жилийн түүхтэй МАН ёс болгож Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарынхаа нэгийг л дэвшүүлэхээс өөр аргагүй байдалд орно. Эдгээрийн хэнийг нь ч гэсэн Х.Баттулга Ерөнхийлөгчийг ялаад гараад ирнэ гэх магадлал бараг тэгтэй тэнцэнэ. Х.Баттулгын багаа бүрдүүлж байгаа байдал, хийж буй сонголтууд, хэвлэл, сошиолийн өргөн дэмжлэгийг МАН-ын эдгээр нэр дэвшигчдийн хэн ч даваад гарах боломж улам л багасч байна. Тэд ч энийг эртнээс ойлгож Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж улайрцгаахгүй байна. Энэ нь нэгийг хэлээд өгнө.
Хэрэв МАН 100 жилийнхээ ой дээр бүх шатанд ялалт байгуулах ёстой, 100 жилээ баяр бахдалтай тэмдэглэнэ гэвэл намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийгээ л шахаанд оруулахаас өөр сонголтгүй болж байна. Тэдний ялалт авчрах, ялагдах сонголт хийх өдөр хоног хэдхэн сараар хэмжигдэх болов.
Зургийн эх сурвалж: President.mn