АН-ын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар инфлүүнсэрүүд нэр дэвшигчид санал өгөхийг уриалахыг хориглосон СЕХ-ны шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр, АН-ын Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Батзаяа, "Олон дагагчтай хүн гэж яг хэнийг хэлээд байгаа юм. Яг хэдэн дагагчтай хүнийг олон дагагчтай хүн гэж ойлгох вэ гэдгийг маш тодорхой болгохгүй бол энгийн иргэн санаатай болон санамсаргүй байдлаар эрсдэлд орох нөхцөл бүрдээд байна. Аливаа нэг шийдвэр иргэн төвтэй байх ёстой. Иргэдийн эрхийг хамгаалсан. Үгээ хэлж, үзэл бодлоо хамгаалах эрхийг нь дээдэлсэн зохицуулалтыг хийх ёстой. Гэтэл өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал олон эрсдэлийг дагуулж байна.
Ганцхан жишээг хэлэхэд, зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудаар "Дэмжинэ гэж хэлбэл үзэл бодлоо илэрхийлсэн гэж үзнэ. Дэмжицгээе гэж хэлбэл сурталчилгаа хийсэн болно" гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд буруу ойлгосон байна гэж тайлбарлаж байна лээ. Бодит байдал дээр өөрсдөө буруу ойлгохоор юмнууд яриад байгаа. Энгийн иргэн санамсаргүй байдлаар өөрийнхөө дэмждэг нэр дэвшигчийн талаар үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаад дэмжицгээе гэж биччихсэн чинь дэмжинэ гэж бичсэнгүй гээд торгууль тавиад эхэлбэл иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтойгоор халдаж байгаа үйл явдал болох юм биш үү л гэж хэлэх гээд байгаа юм. Энэ бол ямар нэгэн байдлаар хэн нэгэн рүү дайраад, буруутгах гээд аль эсвэл улс төржөөд байгаа хэрэг биш. Хамгийн гол нь тоглоомын дүрэм маш тодорхой байх ёстой. Тодорхой болгоод өгөөч ээ гэж л хэлээд байгаа юм" гэлээ.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
СЕХ-ноос гаргасан шийдвэр
СЕХ-ноос олон дагагчтай инфлүэнсер хувь хүний сошиал хаяг дээр орж байгаа пост, контент дээр хяналт тавигдахгүй. Гэхдээ бусдыг уриалахыг хориглохоор болсон. Учир нь "Энэ хүнд саналаа өгөөрэй" гэдгийг нэр дэвшигч өөрөө, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан гэсэн таван төрлийн хүн л уриалах эрхтэй байдаг. Эдгээрээс бусад нь хориотой байдаг гэжээ. Хэрэв уриалах бол тухайн хүний цахим хуудсыг Харилцаа Холбооны Зохицуулах Хороо(ХХЗХ)-нд заавал бүртгүүлэхээр журам баталсан. Бүртгүүлээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явахгүй гэдгийг СЕХ-ноос тодотгоод байгаа юм.
Хэвлэлийн хурлын үеэр дурьдагдсан хуулийн заалтууд
Сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлд:
- 37.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.
- 37.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно гэж заасан.
Мөн хуулийн 39 дүгээр зүйлд:
- 39.2. Сонгуулийн сурталчилгаа хий арга хэлбэрийг заасан ба цахим орчин ашиглах хийж болно гэж заасан. Ингэхдээ цахим орчинд оруулах контент ямар агуулгатай байх шаардлага тусгагдаагүй.
Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд:
- 17. Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол хүнийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (буюу 10 сая төгрөг)--өөр, хуулийн этгээдийг 100,000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг (100 сая төгрөг)--өөр торгоно гэж заасан байдаг. Хэдийгээр зөвхөн ухуулагч нэр дэвшигчийг сурталчилна гэж байгаа боловч иргэд өөрсдийн байр сууриа, өөрийн цахим хуудас нь дээр илэрхийлснийхээ төлөө 10 сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсээд байна гэдгийг АН-ынхан хэлж байна.