Дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ сарын 14-ний өдөр баталсан. Захирамжийн дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтыг зөрчсөн иргэнд 20 мянга, хуулийн этгээдэд 200 мянган төгрөгийн торгууль ногдуулах юм.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболдоос тодрууллаа.
Тэрбээр "Замын хөдөлгөөний дүрэмд “Бүс” хязгаарлалтын тэмдэгийг 2019 оноос эхлэн шинээр оруулсан. Дугаарын хязгаарлалтын эхлэл рүү “Бүс” тэмдэгээр нэвтэрч орсон тохиолдолд “бүсчлэлийн төгсгөл” гэсэн тэмдэгийг зөрж өнгөрөөгүй л бол жолооч нар дугаарын хязгаарлалттай бүс дотроо зорчиж байна гэж ойлгох хэрэгтэй.
Зурагт улаанаар тэмдэглэсэн хэсэг бол дугаарын хязгаарлалттай бүс. Дугаарын хязгаарлалттай бүсийн эхлэл, төгсгөлийн хэсгийг тоймлон хэлэхэд хамгийн хойд цэг болох 32-ын тойргоос эхлэн Баянбүрд, 100 айл, Хүнсний 4-р дэлгүүр, Дарь-Эхийн уулзвар, Сансарын аюулгүйн тойрог, зүүн 4 зам, Офицеруудын ордоны тойрог, Чулуун овоо, Дүнжингаравын уулзвар дугаарын хязгаарлалттай бүсэд орж байна. Олимпийн гүүрний урд талын уулзвараас хойд хэсэг дугаарын хязгаарлалттай бүсэд хамаарах юм. Мөн Нарны зам бүхэлдээ хамаарч, 120 мянгатын Тэмээтэй хөшөөтэй уулзвараас хойшхи хэсэг, Механик инженерийн сургуулийн уулзвараас хойд чиглэл бүхэлдээ дугаарын хязгаарлалтад орно. Ингээд Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвараас хойд чиглэл, Саппорогийн уулзвар, 3, 4 дүгээр хорооллын эцэс, Өргөөгийн уулзвар, Тасганы овооны уулзвар, Дэнжийн 1000-ын уулзвар хойшоогоо 32-ын тойрог гэсэн маршрутаар дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
Энэ бүсэд өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл автомашины дугаараар ангилан дараах өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал,
- Даваа гарагт 1, 6
- Мягмар гарагт 2, 7
- Лхагва гарагт 3, 8
- Пүрэв гарагт 4, 9
- Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно.
Дугаарын хязгаарлалттай өдөр бүсчлэл дотор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 20 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 200 нэгжээр торгох заалт бий" гэв.
Өнөөдрөөс /2020.08.17/ эхлэн бүсчлэлийн тэмдэгүүд бүрэн хийгдэж дуусах тул иргэд, олон нийт дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдэгийг анхаарч, хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхаарууллаа.