Өнгөрөгч лхагва гарагт Вьетнамын Фукуок олон улсын нисэх буудлаас Улаанбаатарын чиглэлд нисэж байсан онгоц 3 цаг орчим агаар дээр эргэлдэж байгаад буцаж Фукуок нисэх буудалд газардсан. Үүнтэй холбогдуулан бид EZNIS Airways агаарын тээврийн компаниас тодруулга мэдээлэл авахад,
"2024 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр MG212 дугаарт аяллын нислэг БНСВУ-ын Фукуок олон улсын нисэх буудлаас хуваарьт цагийн дагуу хөөрсөн боловч нислэгийн явцад агаарын хөлөгт техникийн үзлэг, шалгалт хийх зайлшгүй шаардлага гарсан тул бид Нислэгийн аюулгүй байдлын шаардлагын дагуу Фукуок олон улсын нисэх буудалд буцаж газардахын тулд "Агаарын хөлгийн буултын зөвшөөрөгдсөн жин"-д тааруулж түлшний хэмжээг багасгах нислэгийг 3 цаг 30 минут орчим үйлдсэн.
Өөрөөр хэлбэл онгоц буцаж газардахын тулд хүндийн жин нь зөвшөөрөгдсөн байх ёстой бөгөөд түлшээ зарцуулж байгаад буцаж газардсан. Ийнхүү өчигдөр /2023.01.04/ өдрийн 13:30 цагт MG212 дугаарт аяллын нислэг Фукуок олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэж, Улаанбаатарын цагаар 20:30 цагт аюулгүй газардсан. Зорчигчид ямар нэг гэмтэлгүй" гэх тайлбарыг өглөө.