Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮИС-ийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хариуцлага тооцохыг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 13 секунд


Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон нийслэлийн холбогдох албаны төлөөллүүд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллалаа. Монголын Үндэсний их сургуулийнхан хичээлийн өргөтгөлийн барилгын орц, гарцыг хийхдээ ЭХЭМҮТ-ийн хашааг буулгаж барьжээ. Эмнэлгийн удирдлагууд эзэмшил газар руу зөвшөөрөлгүй орц, гарц хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн Хотын дарга болон холбогдох албаныханд хандсан юм. Энэ дагуу Хотын дарга үүссэн нөхцөл байдлыг шалгахаар газар дээр нь ажиллав. 

ЭХЭМҮТ 1996 онд 9.3 га газартай байсан бол талбайн хэмжээ багассаар одоо 8.1 га талбайг эзэмшиж байна. МҮИС 2007 оны Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 6009 метр.кв талбайг эзэмшиж байгаа аж. Тус сургууль хичээлийн өргөтгөлийн байрыг 2013 онд барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу цөмлөж 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан зөрчил гаргасан байна. Барилгын орц, гарцыг хийхдээ мөн л эмнэлгийн эзэмшил рүү зөвшөөрөлгүй халджээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ганц байгаа эмнэлгээ энд тэндээс нь ухуулаад байж болохгүй. Юун түрүүнд хууль журмынх нь дагуу шаардлага тавина, арга хэмжээ авч ажиллана. 2013 онд ийм буруу үйл ажиллагааг зогсоогоогүйгээс болж өнөөдөр ийм асуудал үүсч байна. Гараж барина гэж зөвшөөрөл авчихаад байшин барьж болохгүй. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд эмнэлгийн ажилтан, албан хаагчид санаа зовниж, гарч ирсэн байна. Эмнэлгийн ажилтнуудад та бүхэн санаа зовнилгүй ажлаа хий, харин үүссэн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хууль бус газрын маргаан иргэдийн амьдарч буй газар руу хүртэл орж байна. Ийм хууль бус үйлдлийг таслан зогсооно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмнэлгийн эзэмшил газар руу хувийнхан дураараа ингэж халдаж болохгүй. Энэ байдлыг бүрэн зогсоох ёстой. Нэг эмнэлгийн асуудал мэт боловч өөр олон эмнэлгийн эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр халддаг жишээ олон бий. Ийм явдлыг бусад эмнэлэг, төрийн өмчит газарт гаргахгүйн төлөө ажиллах хэрэгтэй. Хотын дарга энэ асуудалд анхаарч, шуурхай ирж ажиллаж байгаад баяртай байна” хэмээлээ.

ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг “МҮИС эмнэлгийн газар руу зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн удаа дайрч байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэ үйл явдал дахин болсон учир бид Хотын даргад болон холбогдох мэргэжилтнүүдэд хандсан юм. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгийг Хотын дарга хэлж байна” гэв.  

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан 2020 оны төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамтай санал солилцлоо
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан 2020 оны төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамтай санал солилцлоо
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.