Eрөнхий сайдын "Өглөөний уулзалт" үргэлжилж байна. Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна.
Нийгмийн эрүүл мэндийн судлаач, Анагаах ухааны доктор А.Энхжаргал "Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдлын судалгааг манай байгууллага хийж байсан. ДЭМБ-ын зөвлөмж, судлаачдын үзэж буйгаар агаарын бохирдол бүх үзүүлэлтээсээ давсан. Тиймээс стандартаа яаралтай шинэчилмээр байна. Дотоод орчны агаарын чанарын асуудалд бас анхаармаар байна. Дотоод орчны бохирдлыг хэмжих стандартыг батлуулах чиглэлийг ЭМЯ-нд өгөх тал дээр Ерөнхий сайд анхаарч өгөөрэй.
Шахмал түлшээс өмнөх 10 жилд нийслэлийн агаарын чанар бүр ч хэцүү байсан. Цаашид ч анхаармаар байна. Агаарын бохирдол үргүйдэлд хүргэж байгаа. Үүнд нөлөөлж буй бодисыг гэхэд бид олж тогтоож чадахгүй л явж байна. Химийн гаралтай, хортой бодисыг зайлуулах, устгах үйлдвэр манай улсад алга байна" гэв.
“Тогтвортой аялал жуулчлал” төслийн зөвлөх С.Аригун "Импортоор орж ирж буй бараанд хог хяагдлын 1 хувийн татвар тогтоож өгөөч, хог хаягдлын үйлчилгээний хураамж гээд татварын хуульд байгаа. Үүнийг 2017 оноос хойш хэрэгжүүлэхээ больсон. Хог хаягдал боловсруулах үйлдвэрүүдийг импортын болон гаалийн татвараас чөлөөлж өгөөч гэж хүсмээр байна. Одоо хог хаягдлын төвлөрсөн хогийн цэгүүдийг байгальд дарж булдаг. Хөдөө, орон нутгийн хогийн цэгүүдэд эзэн алга байна. Үүнийг шийдэхэд онцгой анхаарч, улсын төсөв, гадаадын зээл тусламжид хамруулж өгмөөр байна. Аюултай хог хаягдлыг хүлээж авдаг төвлөрсөн газар алга байна. Хог хаягдлын боловсролыг иргэдэд олгомоор байна. Боловсролын тухай хуульд тусгуулмаар байна" гэв.