Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 28432 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 111 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс,
Хүний амьд явах эрхийн эсрэг хоёр, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 47, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нэг, Өмчлөх эрхийн эсрэг 44, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хоёр, Хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг ес, бусад хоёр хэрэг байна.
Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал:
Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Дархан суманд Оросын холбооны улсын иргэн “М” гэгч 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт бусдын биед халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100,000 төгрөгөөр торгосон байна.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас иргэн “А”, “Г” нар нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний газрын гадна бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар мэс, хийн буу гаргаж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.