Сүүлийн өдрүүдэд Хэнтий аймагт баригдаж буй аялал жуулчлалын цогцолборуудын бүтээн байгуулалттай холбоотой шүүмжлэл цахим орчинд тархаад байна. Энэхүү асуудалд Хэнтий аймгийн ЗДТГ-аас дараах мэдэгдлийг гаргажээ. Уншигч танд бүрэн эхээр нь хүргэж байна.
"ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ЦОГЦОЛБОРУУДЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА"
2019 оны хавар МУ-ын Ерөнхий сайдын ивээл доор Байгаль орчин, аялал жуулчлалын “Түүхэн аялал жуулчлал-хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг төрийн ордонд зохион байгуулж 800 гаруй төлөөлөл оролцсон томоохон чуулган болсон.
Тус чуулганаар Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарлаж, гурван голын сав, түүхэн дурсгалт газруудад ашигт малтмалын лиценз олгох асуудлыг таслан зогсоож, Засгийн газрын тусгай хамгаалалтад авах асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн.
Түүнчлэн Улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө, Хэнтий аймгийн Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн тухай мэдэгдэж байв.
Харин 2019 оны намар Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг Азийн хөгжлийн банкны 19 сая доллараар хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн энэ онд Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн Хөдөө аралд “Монголын нууц товчоо” цогцолборын ажил эхэлсэн билээ.
Албаны эх сурвалжийн мэдээллээр сүүлийн 30 шахам жил тусгагдаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн хоёр жилд Хэнтий аймагт өрнөж байгаа бөгөөд тэр дундаа түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болж буй томоохон цогцолборуудыг Монгол улсад урдаа барьдаг инженер, архитекторуудын оролцоотойгоор гүйцэтгэж байгаа билээ.
Тухайн цогцолборуудын ажил барилга угсралтын шатандаа явж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр хагаст бүрэн дуусгаж, хүлээн авна гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уг цогцолборуудыг барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бол автомашины зогсоол, талбай, үйлчилгээний зориулалтаар баригдах бусад бүтээн байгуулалтын ажлыг хандиваар босгох юм байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ